2026 оныг Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн жил болгож зарласантай холбогдуулан “333 нуур”, “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийг эрчимжүүлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээлэв. Эл хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг, Бөөнцагаан, Орог нуурын сав газарт үерийн болон хур тунадасны ус хуримтлуулах хөв цөөрмийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байгааг танилцууллаа.
Уг ажлыг Ховд аймгийн Дарви сумын Хөвхөрийн голд хөв цөөрөм, усны барилга, байгууламж байгуулсан “Эко буянт” компани гүйцэтгэж буй аж. Богд сумын Битүүгийн голд түшиглэн байгуулж буй хөв цөөрөм нь нийт 5074 шоо метр багтаамж бүхий гурван усан сантай, 400 орчим метр үргэлжлэх, ил, далд сувагтай байх гэнэ.
Ж.Сувд