Английн хөл бөмбөгийн нэгэн клубийн жирийн тоглогчийн хувь заяа хэрхэн өөрчлөгдөв.
Амьдрал заримдаа санаанд оромгүй эргэлт хийж, төдийлөн амжилт гаргаагүй байсан жирийн тамирчныг нэг л өдөр гэнэт од болгох нь цөөнгүй. Лондоны нэг их нэрд гараагүй “Донс” клубийн хөл бөмбөгийн хаалгач Жорж Камурасид чухам ийм явдал тохиолдож түүнийг Уганда улсын хаан ширээг залгамжлагчаар зарлав. Аравдугаар сарын 17 түүний намтарт чухал өдөр болсон тухай өгүүлье.
Тэгэхдээ энэ нь Уганда улсын төрийн гол суудлын тухай ярих гэж буй юм биш гэдгийг тодотгохоос аргагүй. Тус улс нь засаглалын хувьд Ерөнхийлөгчийн БНУ бөгөөд одоогийн Угандагийн төрийг Йовери Кагутой Мусевени гэдэг хүн тэргүүлж байгаа. Тэрбээр 82 настай, 1986 оноос улсаа ээлж халаагүй удирдаж, Ерөнхийлөгчийн суудалд долоо дахь удаагаа саяхан залраад буй. Хэрэв эсэн мэнд байвал найм дахиа залрахад ч эргэлзэх юмгүй гэлцдэг юм билээ.
Уганда нь Үндсэн хуулиараа төвлөрсөн нэгдмэл улс хэдий ч Буганда, Торо, Буньоро, Бусаго, Рвензуруру гэсэн автономит таван вант мужтай. Анхнаасаа ийм байсангүй. 1995 оноос өмнө эндхийн дарангуйлагчид ийм статусыг нь байсхийгээд үгүй болгочихдог ч 30 гаруй жил өөрийн гэсэн захиргааны тогтолцоотой, соёлын уламжлалаа хадгалсан дотооддоо харьцангуй энх амгалан оршин тогтнож байгаа аж. Английн багт тоглодог 36 настай хаалгач Камураси нь хаан байсан IV Торо Рукидигийн үеэл ах юм байна. 34 настай хэмжээгүй эрхт хаан энэ оны наймдугаар сард АНУ-д эмчлүүлж байгаад хорвоог орхихдоо залгамжлах хүнээ оноож амжсангүй. Тэрбээр 1995 онд гурван настайдаа ширээ залгамжилж дэлхийн хамгийн залуу захирагч болж Гиннесийн дээд амжилтын номд оржээ. Хаанаа өөд болохоор залгамжлах хүнийг хайтал хамгийн түрүүнд Камураси тодорчээ. Талийгаачийн бусад бүх төрөл төрөгсөд ихээхэн холын хамаатнууд байж.
Хөл бөмбөгчин эр хааны гэр бүлийн ойрын төрөл ч гэлээ хүүхэд нас нь ордны тансаг амьдралд хөлбөрч өнгөрөөгүй. Камураси бага насандаа Британид очиж, тэнд л нас биед хүрч, сурч боловсорчээ. Түүний үздэг зарим хичээл залуу хүний санаанд нийцдэггүй байв. Хүү өсвөр насандаа эхийгээ алдаж, цаашдаа хуультай зөрчилдсөн ч хааны залгамжлагчаас эрүүгийн хэрэгтэн болох аюулаас хөл бөмбөг аварсан байна. Тэгэхдээ бас торны цаана нэгэнтээ суугаад авснаа ярьсан ч ямар хэргийн улмаас хэдий хугацаагаар сууснаа тэр тодруулсангүй. Ямар ч байсан спортын ачаар Камураси зөв замаар явж, улмаар Лондонд гэргийтэй, хүүхэдтэй болжээ. “Би хорих өрөөнд байхдаа энэ бүхэнд өөрөө л буруутай болохоо ухаарсан”. Энэ бол түүний хэлсэн үг.
Камураси хүүхэд байхаасаа спортод хорхойтой, хаалгач хийж мэргэжлийн хөл бөмбөгчин болохыг хичээж байв. Бие бялдрын хувьд хэнээс ч дутахааргүй ч Англид дээгүүр зиндаанд явчихаж нэг л чадахгүй, гэлээ ч энэ африк залуу гол хүсэл сонирхлоо ер орхисонгүй. Дасгалжуулагчийн мэргэжилтэй болохоос зайлсхийж, лицензтэй мэргэжилтэн болж, 2014 онд Лондоны хөл бөмбөгийн “Донс” багаас урилга авав. Энэ багийг Британийн реппер Дон Страпзи дөнгөж бий болгоод байв. Хөгжимчин залуу маш ихийг хүсэж төлөвлөж байсан ч спортын хувьд төдийлөн үр дүнд хүрэхгүй, баг нь Англидаа хүч чадлаараа есдүгээрт орж, мэргэжлийн гэх статустай болоогүй л байлаа.
Камураси “Донс” багийн ахмад зүтгэлтэн жинхэнэ шүтээн болж байв. 198 см өндөр нуруутай Угандагийн уугуул, багийнхаа өмнөө барьдаг хаалгач, багийн ахлагч төдийгүй нийгмийн сүлжээнд хамгийн тод томруун төлөөлөгч байлаа. Африк залуу түншүүддээ гал цогтой үг байнга хэлж, заримдаа ч бүдүүлэг гэмээр үг хэрэглэх ч дэмжигчид нь түүгээр бахархана. “Донс” баг энэ намар Английн цомын төлөө тоглож, урьд өмнө хүрч байгаагүй амжилт үзүүлэн, шөвгийн дөрөвт оров. Гэхдээ Английн их спортын төлөөлөл болохын тулд “Донс” бас нэг шалгалт давах шаардлагатай болжээ. Мэргэжлийнхний дөрвийн даваанд аравдугаар сарын 17-нд долоо дахь дивизионы “Шолинг”-той учрах ёстой. Саутхемптоны энэ клубт дэлхийн хөл бөмбөгийн домог болсон Андрей Шевченкогийн хүү Кристиан Шевченко оржээ. Энэ залуу “Челси”, “Тоттенхем”-д бэлтгэл хийж байсан ч тэдний залуучуудын багийн гишүүн болж чадаагүй аж.
Торо хаан амьсгал хурааж, хаан ширээ залгамжлагчийг хайх үйлийн эхлэл нь Камурасигийн спортын амжилт ид гялалзаж байх үед тохиов. Хаалгач болон түүний багийн талаар Английн хөл бөмбөгийн орчин шуугьж эхэлж байтал спортоо орхин, төрөлх эх орондоо очиж, түүнийг удирдан жолоодох үүрэг Камурасид тохоогдов. Хаанаа өөд болмогц түүний ойр тойрныхон хаан ширээ залгамжлагчийн асуудлыг эрхлэх тусгай хороо байгуулжээ. Тэд хэдэн өдөр ярилцаж хэлэлцсэний дүнд тус хорооны 18 гишүүний 15 нь 36 настай хөл бөмбөгчийг хаан ширээ залгамжлагч болгохыг дэмжив. Камурасиг Угандагийн гол удирдагч Мусевени ч батламжилж орхих нь тэр. Энэ тухай мэдээлэл дэлхий даяар тархаж, Камураси ч хүндхэн сонголттой тулгарав. Тэгтэл “Донс” багийн тоглогч түүхэн эх орноо ямагт дурсан санагалзаж, түүний ашиг тусын төлөө ажиллахад бэлэн хэмээн ярьдаг гэх мэдээлэл Угандад нийгмийн сүлжээгээр хүчтэй тархлаа. Гэвч эцсийн эцэст уганда залуу спортын талбарыг улс төрийн тайзнаас илүүд үзэв. Хаалгач залуу нэр хүндтэй ч олон талаар эрсдэлтэй, яаж ч мэдэх тавцанд өөрийгөө харуулах боломжийг алдахгүй байхаар шийдсэн байна. “Би уг саналыг гэр бүлийнхэнтэйгээ ихэд нухацтай ярилцаад Британид үлдэхээр шийдсэн. “Донс” багтаа үргэлжлүүлэн тоглож өөрийн мэдэх бүхий л аргаар, чухамдаа өөрт тань нэр хүндтэй хүсэл, зүтгэл гэж юу болохыг харуулж, ялалт байгуулж, хорвоог орхисон дүүгийнхээ нэрийг хүндэтгэж явах болно” гэжээ.
Уганда улсынхаа нэр хүндийг спортын фронт дээр хамгаалахыг Камураси хүсэж байна. Сэтгүүлчийн асуултад саявтар хариулахдаа Английн цомын төлөө тоглолтод амжилт гаргаж, түүгээрээ өөрийн төрөлх эх орны үндэсний шигшээ багт тоглохоор уригдана гэдэгт найдаж байна гэж хэлжээ. Насны тухай асуудлыг хөндөхөд нь Угандагийн үндэсний шигшээ багийн одоогийн ахлагч, хаалгач Денис Оньягогийн нас сүүдэр удахгүй 42 хүрэх гэж буйг хэлж, асуулт тавигчийн амыг хаажээ.
Ийнхүү Угандагийн хаан агсан Торогийн суудал эзэнгүй хэвээр үлдэж, тэндхийн дээдэс хэнийг хаан сэнтийд залах вэ хэмээн тархиа гашилгаж сууцгаана. Тэгтэл залгамжлагчийг эрж хайх явцад хаан агсны нууц хүүгийн тухай мэдээлэл гарч ирж, түүнийг ширээнд залах боломжтой гэлцэх болов. Гэхдээ хаан суудлыг шилжүүлэх үйл явц албан ёсны эх сурвалжтай байх ёстой бөгөөд үүний тулд залгамжлагчийн цусыг тодруулах учиртай. Харин Камураси хөл бөмбөгийн талбайд “харьялалтайгаа” ул үндэстэй нотлох шаардлагатай болно.
Р.Жаргалант