Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг хотын газар зүйн болон цаг уурын онцлогтой уялдуулан гурван хэмжээст (3D) орчинд дүрслэх интерактив систем нэвтрүүлж эхэллээ. Энэ нь агаарын чанарын хяналт, шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нурууд, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг мэдээлэлтэй нэгтгэн, орон зай, цаг хугацааны хамааралтайгаар харуулах юм.
Тус зураглалаар өнгөрсөн таван хоногийн болон тухайн үеийн бодит цагийн агаарын чанарын мэдээлэл, маргаашийн 24 цагийн урьдчилсан төлөвийг харах боломжтой. Мөн агаарын чанарын индекс, PM10, PM2.5 тоосонцор, азотын болон хүхрийн давхар, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг бохирдуулагч бодисын агууламжийг 15 минут тутамд шинэчлэн харуулна. Түүнчлэн 24 цагийн мэдээллийг 96 кадр бүхий хөдөлгөөнт дүрслэлээр үзүүлэх тул агаарын чанар цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах боломж бүрдэж буй.
Улаанбаатар хот уулсаар хүрээлэгдсэн хотгор, хөндийд оршдог. Газрын гадаргын тогтоц, цаг уурын нөхцөл нь агаарын бохирдол хотын аль хэсэгт хэрхэн тархах, хуримтлагдахад нөлөөлдөг онцлогтой. Тиймээс агаарын чанарыг зөвхөн автомат станцуудын цэгэн хэмжилтээр бус, хотын газар зүйн тогтоц, гадаргын өндөршил, цаг хугацааны өөрчлөлттэй уялдуулан 3D орчинд дүрслэх нь нөхцөл байдлыг илүү бодитой, ойлгомжтойгоор үнэлэх боломж олгож буй аж.
У.Цэцэг