Олон улсын хэмжээний мастер Д.Баяраа агсны нэрэмжит ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт боллоо. Өсвөр үеийнхнээс “Топ спин” клубийн тамирчин, 13 настай Б.Анужин, хөвгүүдээс Ө.Мөнх-Өлзий аваргын төлөө хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлэн үзэгчдийн анхаарлыг татжээ. Тэд насанд хүрэгчдийн ганцаарчилсан ангилалд туршлагатай ахмад тамирчидтай таарсан ч дараалан хожиж, эл спортын 60 жилийн түүхэн дэх хамгийн залуу улсын аваргаар тодрон, шинэ дээд амжилт тогтоосон нь тус тэмцээний онцлох үйл явдал байв. С.Бүрэнжаргал нэг клубт бэлтгэл базаадаг дүү С.Анужинтайгаа ана мана өрсөлдөж, М.Тэмүүлэн сүүлийн мөч хүртэл тэргүүллийн төлөө ширүүн тэмцэлдсэн ч цахиур хагалан гарч ирж буй Ө.Мөнх-Өлзийд ялагдсан юм.
Дээрх ангилалд оролцсон охидоос үндэсний шигшээ багийн тамирчин Э.Аялгуу (“Моннис групп”), Орхон аймгийн шигшээ баг, “Хангарьд” клубийн тоглогч У.Мөнхшүр нар хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс мөн үндэсний шигшээ багийн тоглогч М.Манлайжаргал, “Тэнгис синема”-гийн Б.Тарвачинбо нар III байрт орсон байна. Орон нутгаас оролцсон багуудаас Орхон аймгийнхан нийлбэр дүнгээр хошуучлав.