Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр замын дээгүүрх гүүрэн гарц барих төсөл”-ийн тухай хэлэлцээд 2010-2011 онд барьж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт даалгав.
Төслийг хэрэгжүүлэх нь хотын засаг захиргаа, худалдаа, соёлын төв байрласан дунд тойрог зам байгуулах ажлын нэг хэсэг бөгөөд төвийн замуудын болон Энхтайваны гүүрээр нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал эрс багасна.
Төслийн хүрээнд 435 метр урт, 2 урсгалтай 17.2 м өргөн гүүрэн гарц, одоо байгаа хорооллын доторхи авто замтай холбосон 1,0 км зам, явган зорчигчдод зориулсан 100 метр урт, 4,0 м өргөн гүүр барих юм.