УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нар өчигдөр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай тодорхой асуудлуудаар санал солилцож, ярилцлага өрнүүллээ. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн болон бусад хэлтэс, албадын дарга оролцов.
Уулзалт ярилцлагын үеэр УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүдийн авлигын эсрэг бүлэг байгуулах, нөгөөтэйгүүр авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Авлигатай тэмцэх байгууллага УИХ-ын хоорондын уялдаа холбоог хангаж, улстөрчдийн хүсэл эрмэлзлэлээр Авлигатай тэмцэх байгууллагыг дэмжих ажлыг эхлүүлэхээр санаачилснаа танилцуулав. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа санал, санаачилгыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Манай байгууллагын байгуулагдсанаасаа хойш хүсэн хүлээж байсан их чухал асуудлыг залуу гишүүд хөндөж, санал санаачилга гаргажээ. Авлигын эсрэг хүсэл сонирхлоо бодитоор илэрхийлдэг бүлэг парламентад байх нь их чухал ажил болно гэж бодож байна” гэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Тодорхой бүлэглэл, улстөрчдийн зүгээс Авлигатай тэмцэх байгууллагыг дэмжих, дэмжихгүй хоёр хэсэг хандлага байх шиг харагддаг. Дөнгөж бойжиж байгаа энэ байгууллагыг боомилж байгаад унагаачих зорилго тухайлбал бидэнд байхгүй” гэдгээ илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах алхмуудыг хийж байгаа нь илт ажиглагдаж байна. Ард түмний төлөөлөгчийнхөө хувьд би үүнтэй санал нэгдэхгүй” гэсэн юм.
Г.Энх "Монцамэ"