Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох чухал хариуцлагатай энэ цаг мөчид сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий СЕХ, сонгуулийн хороод, шударга үнэний дуу хоолой болж, мэдээллийг тэнцвэртэй үнэн бодитой хүргэх ёстой хэвлэл мэдээллийн байгууллагын зарим нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчиж, холбогдох байгууллагууд нь энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь сонгууль шударга явагдах, хууль хэрэгжих нөхцөл бололцоо харагдахгүй байгааг илэрхийлж байна. Сонгуулийн хууль зөрчсөн 10 гаруй үйлдэл гарсан.

Тухайлбал, -СЕХ аймаг нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулахдаа хууль бусаар байгуулсан. Үүнд, Архангай, Булган, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт гарсан төдийгүй зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд хэсгийн хороодод 29 хүнийг хууль зөрчиж томилсноо засаж залруулахгүй өнөөг хүрч байна. Орхон, Дорнод зэрэг зургаан аймагт нийт 33 хэсгийн хороог сонгогчийн тоогүй, дугааргүй байгуулж, байршлыг тогтоогоогүй.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Төрийн эрх мэдэл, эд хөрөнгийг ашиглаж, төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан. Тодруулбал, Төрийн үйлчилгээний албан хаагч болох УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын яриаг АН-ын захиалгат нэвтрүүлгээр цацаж, төрийн тусгай албан хаагч Монгол Банкны Ерөнхийлөгч н.Золжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Ц.Сүхбаатар нарыг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан.
Мөн сонгогчдын саналыг хууль бусаар татах чиглэлээр сонгуулийн сурталчилгаа явуулсан. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн сурталчилгааг хууль зөрчин явуулсан байна. Тодруулбал, Ц.Элбэгдоржид хамгийн өндөр хувиар санал өгсөн сумыг “Шинэ сум” төсөлд хамруулна гэжээ. Түүнчлэн “Дорнодод энэ жил 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. МСҮТ-ийн суралцагчдын тэтгэлгийг оюутны тэтгэлгийн хэмжээнд хүргэнэ, оюутны тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэнэ, таваас дээш хүүхэд асарсан эхэд жил бүр 7 сая төгрөг олгоно” гэж амласан. Энэ талаар МАН тухай бүрт нь СЕХ, Цагдаагийн газар, ШӨХТГ гэх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол, шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй ба ихэнх нь хариу ирүүлээгүй байна гэж Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.