Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөв. Сонгуулийн кампанит ажлын хугацаанд бусдаасаа давуу эрх эдэлсэн хүн бол АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж. Түүнд давуу талыг Ерөнхийлөгчийн албан тушаал нь олголоо.
Өнгөрсөн дөрвөн жилийн турш Монгол төрийн жолоог атгасан түүний ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр амлаж буй мөрийн хөтөлбөртэй дахин нэг танилцъя. Мөрийн хөтөлбөрийнхөө цөм болсон заалтуудыг тэр өчигдөр хийж болох л байсныг, бас хэрхэн хандаж байсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жилийн зарим үйл явдлаар харьцуулав.
АМЛАЛТ
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй өрсөлдөнө” гэсэн амласан.
БОДИТ БАЙДАЛ
Намын сонгуулийн штаб, нэр дэвшигч хоёр бол нэг зоосны хоёр тал. Нэр дэвшигчийн зөвшөөрөл, зөвшилцөлгүйгээр явдаг сурталчилгаа, бүр хар PR ч гэж байдаггүй. Гэтэл АН-ын сонгуулийн штабаас өрсөлдөгчөө “Цэвэр цусны онол” гэсэн яриагүй, хэлээгүй үгээр нь нэг хэсэг муучлав. Бөх хүн бүдүүн баараг, боловсролгүй, бид биеийн тамир спорт хорооны даргыг биш, улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох гэж байна гэхчилэн сурталчиллаа. Сайд Ч.Сайханбилэг нь улсын наадамд барилддаг хүн нь бөхөө, Ерөнхийлөгч нь улсаа удирдаг хэмээн уриалж явсан. Бусдыг муулахгүй өрсөлдөж байгаа нь энэ үү, Ерөнхийлөгч өө. Бараг л бөх бол хүн биш, сонгох, сонгогдох эрхгүй гэж өрсөлдөгчөө гутаах атлаа өөрсдөө бөхчүүдийг сонгуулийнхаа сурталчилгааны гол дүр болгож байгааг юу гэж ойлгох вэ, АН-ынхан. МАН-аас сонгуульд нэг л бөх-аваргыг нэр дэвшүүлэв. Гэтэл АН-ынхан түүний эсрэг таван бөх-аваргыг ашиглав. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд А.Сүхбат, Асашёорюү нар АН-д албан ёсоор элсэв. Хамт сууж байгаа нь ховорхон харагддаг хоёр Мөнх хөөрөг зөрүүлэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг сурталчлав. Булганд Б.Бат-Эрдэнэ аваргын шавь Н.Түвшинбаяр одоогийн Ерөнхийлөгчийг даган очиж уулзалтад сууж байгаа нь телевизээр гарсан. Эдгээрийг харсан хэн нэгэн “улсын Ерөнхийлөгч байж бөхчүүдээр PR-дуулах ч гэж” хэмээн хэлээгүй, хэлж болохгүй билээ. Ц.Элбэгдоржийг PR-дсан аваргууд сонгох эрхээ эдэлж байгаа бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга сонгогдох эрхээ эдэлж байгаа. Үүнийг л дүр эсгээгүй ардчилал гэнэ.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Улс орноо албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шилжүүлнэ”
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Мөрийн хөтөлбөртөө туссан энэ заалтыг уг нь өнгөрсөн дөрвөн жилд ажил хэрэг болгочих боломж түүнд байсан уу гэвэл байсан. Гэвч түүнийг дөрвөн жил төр тэргүүлсэн хугацаанд хуулийн бус, албан тушаалтны засаглал л цэцэглэжээ. МАН-аас С.Батболдын Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдыг дуудаж байгаад сайд нарын¬хаа гурвыг гаднаас томилохыг үүрэгдэж байв. Мөн гаднаас томилогдох сайд нарыг нь УИХ томилохын өмнө дуудаж байгаад камерийн өмнө загнаж байсан. “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг адис өгөөд гаргахын нэр биш” гэж зандарч харагдсан. Тэгсэн атлаа АН ялж Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь Их хурлаас байхад ганц ч үг хэлээгүй. Намынх нь нөхөд өөрийнх нь ярь¬дагчлан УИХ-ын гишүүний дан дээлэн дээрээ сайд гэсэн давхар дээл өмсч байхад “адислаад” л өнгөрсөн. Тавантолгойн тендерт ялсан “Говь повер” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнтэй холбоотой 17 тэрбумын хэрэг дээр сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчид хандсан ч ямар ч хариу өгөөгүй. Хууль нь засагладаг байсан бол Н.Алтанхуягийг, түүний хүргэн дүү Г.Дэнзэнг ч шалгах байсан. Гэвч албан тушаалтан нь засагласан учраас хууль хүчгүйдлээ. Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнд хэрэг үүсгэх хүсэлт гаргасан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга нь байсан Д.Дорлигжавын удирдаж буй прокурорын байгууллага хэрэг үүсгэхээс татгалзав. УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансны асуудал байна. Түүний оффшор бүс дэх нууц дансанд байсан нэг сая еврогийн эх үүсвэрийг нь шалгахыг МАН болон “Шударга ёс” эвсэл, УИХ-ын гишүүн Г.Уянга нар шаардаж байсан ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн аль нь ч санаачилга гаргаагүй. УИХ-ын дэд дарга хүн “Хятадын Монгол” гэж гэрийн хаягаа бичсэн байхад ч дуугүй суусан. Монголчууд дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний шинж гэж ярьдаг. Эдгээр жишээнд хууль, албан тушаалтан, алагчлал гурвын аль нь засаглаж, аль нь хүчтэй байна вэ, Ерөнхийлөгч өө.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам, улс төр танил тал харгалзахгүйгээр ижил тэгш хариуцлага тооцдог жишиг тогтооно”
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас тойрогт ялах магад¬лалтай хэд хэдэн хүнийг барьж хорьсон, сонгуулийн дараа сулласан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь С.Эрдэнийн УИХ-д шударгаар сонгогдсон эсэхийг шүүх үед ард түмний сонголтыг засварлах эрх шүүхэд байхгүй гэж мэдэгдэж байв. Гэтэл Өвөрхангайн сонгуулийн үр дүнг ганц шүүгч засч байхад юм хэлээгүй. Бүр дуугараа ч үгүй.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл ногдуулахгүй байх бодлого баримтлана”
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тендер булиантуулсан, орон нутгийн эмнэлгүүдэд өгөх гэж байсан Фургон автомашиныг завшсан гэх хэрэгт холбогдсон Л.Гүндалайн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхий прокуророос удаа дараа хүсэлт тавьсан ч хамгаалсаар байгаад авч үлдсэн. Уг нь авлигын, албан тушаалын хэрэгт Л.Гүндалай хол¬богдсон ч УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа хугацаагүй завсарлага авах эрхээ эдэлсэн билээ. Гэвч Ерөнхийлөгч юу ч хийгээгүй.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна, төрийн албан хаагчдын ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна”
ӨНГӨРСӨН 1 ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН засагт олонхи болоход л төрийн албан хаагчдын халаа сэлгээ эхэлсэн. Төрд тогтвор суурьшилтай ажиллах ёстой, тангараг өргөсөн 5200 жинхэнэ албан хаагчийг Засгийн газраас “Өөр ажилд шилжсэн”, “Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, өргөдлийг нь бичүүлсэн” гэх тайлбартайгаар халлаа. Ерөнхийлөгч юу ч хийгээгүй. Хамгийн сүүлд л гэхэд мэргэжлийн байх ёстой тусгай алба болох Тагнуулын даргын албан тушаалд мэргэжлийн бус Б.Ариунсанг томилж байхад төрийн тэргүүн чимээгүй өнгөрсөн. Өөрийнх нь оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 9 байцаагчийг бас үндэслэлгүй ажлаас нь халлаа гэх хэвлэлийн мэдээ бас бий.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Байгалийн баялгийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрхийг тухайн орон нутгийн удирдлагад байхаар хуульчилж хэрэгжүүлнэ. Эзэн нь эрхээ, баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно”
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
“Оюутолгой”-н гэрээг баталсан нь улсаараа урагшаа нэг алхсан явдал боллоо” гэж Ерөнхийлөгч магтаж байсан. Тэгснээ саяхан Оюутолгойг багахан “чимхэв”. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх зорилгоор хэлэлцээ хийж байр сууриа тодорхой илэрхийлж байхад ч Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээгүй.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Утааны аюулыг зун ч битгий март гэсэн зарчмыг баримталж ажиллана”
ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч утаатай тэмцэх гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог өөрөө ахалж байгаа. Ажлын хэсгийг нь Тамгын даргадаа хариуцуулсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийн өртөгтэй төслийн зуухыг гэр хорооллын айлуудад шахсан. Гэвч хотын утаа багасаагүй. Харин Орон нутгийн сонгуульд зориулж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар Багануурын дутуу шаталттай, ДЦС-д шатаахад зориулагдсан нүүрсийг айл өрхүүдэд нийлүүлснээр өнгөрсөн өвөл хотын утаа өмнөхөөсөө ч нэмэгдсэн. Энэхүү болж өнгөрсөн процессыг Ерөнхийлөгч утаатай тэмцэж байгаа хүн гэхэд юу ч болоогүй мэт харж суусан.
МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Ажилтай орлоготой иргэн бүрийг орон сууцны зээлд хамруулах, хуримтлал бий болгож амжаагүй болон ахмад настнуудаа нийтийн орон суу¬цаар хангах санаачилгыг дэмжинэ”
ӨНГӨРСӨН 1 ЖИЛД
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал гацаж, олон зуун иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй болж явсан нь саяхан. Гэтэл тухайн үед энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад Тэргүүн шадар сайд байсан АН-ын дарга Ерөнхий сайд болсныхоо дараа энэ хөтөлбөрийг зогсоосон. Үр дүнд нь зээлэнд дуугарлаж байсан жирийн иргэд л хохирсон. Энэхүү зээлд харагдахаар хашаа байшингаа зарсан, барьцаалсан хүмүүс хохирсон. Тэдний хохирлыг хэн шийдэх нь ч тодорхойгүй хэвээр үлдсэн. Эдгээр болон бусад асуудлаар иргэд Төрийн ордны гадаа цементэн талбай дээр жагсч, суулт хийн гомдлоо барагдуулахыг хүсч байхад “Ард түмэнтэйгээ амь нэг байна” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар амлаж байсан Ц.Элбэгдорж Төрийн ордондоо тухлаж байв. Сэлэнгэд эх хүүхэд хоёр урсч байхад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юу ч дуугараагүй. Харин АН-ын дарга Бурхан Халдунд төөрөхөд баахан ажлын хэсэг байгуулж эрэн хайх ажиллагааг Ерөнхийлөгч өөрөө удирдаж байв. Нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжиж, орон нутагт эрх шилжүүлнэ гэж Ерөнхийлөгч одоо ч ярьж байгаа. Гэвч түүнийг ярьж байх зуур нутгийн өөрөө удирдах ёсонд халдсан бүдүүлэг явдал хэд хэд гарсан. Сүүлийн жишээ нь, Хан-Уул дүүргийн ИТХ-аас Туул голын сав газар үйл ажиллагаа явуулж байгаа хайрганы карьеруудыг хаах шийдвэр гаргасан. Энэ нь нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилготой байсан. Гэвч Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн ИТХ-д хайрганы карьеруудыг хаах шийдвэрээ цуцла гэж үүрэг өгсөн, загнасан. Ерөнхий сайдыг ийнхүү нутгийн өөрөө удирдах ёсонд халдаж байхад Ерөнхийлөгч өмөөрч нэг ч үг хэлээгүй. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа сумын ИТХ-ын 30 хувийг иргэдээс сонгохгүй, намын жагсаалтаар оруулж байхад Ерөнхийлөгч хориг тавиагүй. Бодвол сонгуульд нь хэрэгтэй гэж үзсэн юм байлгүй.
Эх сурвалж: eorbus.m