Европын орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Австри. 1963 оны зургадугаар сарын 30-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жил өнгөрчээ. Энэ сарын 30-нд тохиох ойг тохиолдуулан Австри улсын Элчин сайд Ирэнэ Гинэр Райхэль Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, хоёр орны харилцааны талаар ярилцсан.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Австри, Монгол Улсын харилцаа боловсрол, соёлын хүрээнд түлхүү хөгжсөн бол цаашид илүү гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Ялангуяа, уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Австри улс Монгол Улс руу хөнгөлөлттэй зээлийн шугам нээж байгаагаа хатагтай Ирэнэ Гинэр-Райхэль дуулгав. Тус улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Андреас Шидэрийн манай улсад хийх айлчлалын үеэр энэ талаар ярилцахаар төлөвлөжээ.
50 жилийн ой хүрээнд Австрийн шинжлэх ухаан, кино өдрүүдээс гадна Австри-Монголын эдийн засгийн комиссын хамтарсан хуралдаан, Европын холбоо болон Монгол Улс хоорондын харилцааны тухай семинар, эдийн засгийн чуулга уулзалт зэргийг зохион байгуулна.
Р.Оюун