НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремичийн манай улсад хийж буй албан ёсны айлчлал өчигдөр эхлэв. Зочид их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын талбайд байгуулсан Динозаврын түр музейд зочлон саатаж, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Монгол Улсад анх удаа айлчилж байгаад талархал илэрхийлж, Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганыг амжилттай даргалж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшилд тустай олон чухал тогтоол шийдвэр гаргаж буйд баяр хүргэв.
Харин Вук Еремич Монгол Улсад айлчилж буйдаа баярлаж байна. Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогт талархаж явдаг гэв. Түүнчлэн Монгол Улсын нэр хүнд өсөж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлэх болсон гэлээ. Манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй таван гүрний хамтарсан Тунхаглал болон “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсан юм. Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган хуралдах бөгөөд энэ үеэр Монгол Улс тус Ассамблейд өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнах юм байна. Тухайлбал, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил” болон “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэлээ НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, ЮНЕСКО-д тус тус илгээсэн аж.
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлийн төслийг бэлтгэж байгаа гэнэ. Энэ чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойших хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаарх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөж байгаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремич Серб Улсын иргэн бөгөөд өнгөрөгч оны есдүгээр сараас тус Ассамблейн 67 дугаар чуулганыг даргалж буй аж. Түүний удирдаж буй чуулганаас одоогоор 268 тогтоол батлагдаж, Палестины ард түмэнд НҮБ-ын “гишүүн бус ажиглагч” улсын статус олгосон тогтоол нь томоохон үйл явдалд тооцогдож буй аж.
Вук Еремич дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан юм. Энэ үеэр Ц.Элбэгдорж “Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс авлигыг хамгийн хурдацтай бууруулж байгаа орноор тодорсон” тухай танилцуулжээ. Түүнчлэн НҮБ-ын харъяанд усны төрөлжсөн бие даасан байгууллага байгуулах, байгаль орчны салбарт улс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, архины буруу хэрэглээний хяналтын конвенц батлуулах Монгол Улсын санал санаачилгыг дэмжихийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы даргаас хүссэн байна.
Д.ЦАЦРАЛ