АНУ-ын Вашингтон хотод төвтэй Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган (Global Summit of Women)-аас дэлхийн эмэгтэйчүүдийн 23 дугаар чуулга уулзалтыг Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо “Шинэ эдийн засаг бий болгох нь” сэдвийн дор зохион байгуулжээ. Гурван өдөр үргэлжилсэн уг чуулганд Косовогийн Ерөнхийлөгч Атифете Жахага, Вьетнамын дэд ерөнхийлөгч Нгуен Ти Дон болон Намиб, Лаос, Замби улсын тэргүүн хатагтай,бизнесийн байгууллагаас “Pepsi cola”, “Boeing” зэрэг томоохон компанийн удирдлага гээд дэлхийн 70 гаруй орны 1000 гаруй эмэгтэй лидерүүд эдийн засаг, бизнесийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Манай улсаас Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг тэргүүтэй 80 гаруй төлөөлөгч оролцсон нь энэ жилийн хувьд хамгийн олон оролцогчтой орон болжээ. Уг үйл ажиллагааг АНУ дахь Монгол телевизийн захирал, сэтгүүлч Ц.Сарантуяа сурвалжилсан байна. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн хэмжээнд бизнесийн удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Европоос Франц, Азиас Малайз тэргүүлж байгаа талаар ДЭДЧ-ны тэргүүн Рина Натвидад онцолжээ.
Манай улсын хувьд энэ оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, жилээс жилд амжилт нь ахиж буй орны нэг юм. Түүнчлэн энэ үеэр чуулганы төлөөлөгч эмэгтэйчүүд долоон жилийн тэртээ Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт хариулт өгөхийг Малайзын Засгийн газраас шаардаж, хэргийг дахин шалгаж эхлэх, хоёр хүүд нь санхүүгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг дурдаад, Малайзын Эмэгтэйчүүд, гэр бүл, олон нийтийн хөгжлийн яамыг уг асуудалд онцгой анхаарал тавихыг хүссэн байна.
Р.Цэцэг