Хилийн чанадад Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад байна. Сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн 6233 хүнээс 4248 буюу 68.2 хувь нь энэ сарын 14-16-нд сонголтоо хийсэн. Гэхдээ тэдний саналыг зургадугаар сарын 26-ны 20.00 цагаас хойш тоолно. Уг ажлыг салбар комиссууд буюу хилийн чанад дахь манай Дипломат төлөөлөгчийн 39 газар зохион байгуулсан.
Хэдийгээр гадаадад байгаа иргэдийн улс төрийн идэвх 2012 оны УИХ-ын сонгуулийнхыг бодвол нэмэгдсэн ч энэ бол хилийн чанадад байгаа нийт иргэний 5-6 хувь. Монгол Улсын иргэн л учраас тэд улс төрийн эрхээ эдлэхийг хүсдэг нь мэдээж. Гэвч хэдэн цагаар давхиж байж ЭСЯ-тай газар очиж санал өгөх нь тийм ч амархан ажил биш. Энэ л шалтгаанаар хэдийгээр шуудан, факс ашиглан бүртгүүлсэн ч очиж саналаа өгч чадаагүй 2000 орчим сонгогч гарсан хэрэг.
2012 оны УИХ-ын сонгуулиас эхлээд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авдаг болсон нь сайн хэрэг. Мөн дараа дараагийн сонгуульд өмнөх алдаанаасаа суралцан зохицуулж байгаа. Гэхдээ ЭСЯ-ныхаа тоог нэмэхгүй бол гадаадад байгаа сонгогчийн тоо нэмэгдээд нэг их шалихгүй. ЭСЯ-аа тухайн оронд байгуулах нь зөвхөн сонгох эрхээ эдлэхэд нь ч биш, бусад эрх ашгаа хамгаалуулахад иргэдэд чухал. Манай улсын гадаад харилцаанд ч чухал сэдвийн нэг.
ИНДОНЕЗ, БРАЗИЛД ЭСЯ БАЙГУУЛНА
Манай улс одоогоор 164 оронтой дипломат харилцаа тогтоосон юм байна. Гэхдээ дипломат харилцаа тогтоосон л бол ЭСЯ, Консулын газраа тийм амархан байгуулчихдаггүй аж. Цаашид дипломат харилцаагүй, НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд ойрын үед 30 оронтой дипломат харилцаа тогтоохоор төлөвлөсөн юм билээ. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд манай улс Антигуа Барбуда улстай Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон. Мөн УИХ-ын чуулганаар Бүгд найрамдах Индонез улсын нийслэл Жакарта, Холбооны бүгд найрамдах Бразил улсын нийслэл Бразилиа хотод ЭСЯ нээх, Афганистаны нийслэл Кабул хотод ЭСЯ-ны үйл ажиллагааг сэргээх, Туркийн Истанбул, Бүгд найрамдах Кыргыз улсын нийслэл Бишкек, БНХАУ-ын Хайлаар, БНСУ-ын Пусан хотод тус тус Монгол Улсын Консулын газар нээх асуудлыг дэмжсэн билээ. Үүнийг шийдчихвэл Дипломат төлөөлөгчийн газартай орны тоо нэмэгдэж, тэр хэрээр хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах боломж бүрдэх учиртай. Мөн улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр асуудлыг шийдэхээ Гадаад харилцааны сайд Л.Болд онцолж байна лээ.
ГАЗАР, ТӨСӨВ, ХҮН ХҮЧ
ЭСЯ байгуулахдаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл, олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутаг дахь тухайн улсын нэр хүнд, нөлөө, тухайн улстай хийж буй худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, тэнд оршин сууж буй монгол иргэд болон харилцан зорчиж буй иргэдийн тоо, манай улс дахь бодит ашиг сонирхол зэргийг харгалздаг юм байна. Бас тухайн улсад ЭСЯ байгуулахад тулгардаг гол хүндрэл нь газар, төсөв мөнгө, хүн хүч байдаг аж. Дээрх хоёр оронд нэмж ЭСЯ байгуулах талаар УИХ-аар ярих үед гишүүд улсын төсөвт дарамт үүсгэх вий хэмээн болгоомжилж байсан юм. Цөөнгүй орны ЭСЯ өөрийн гэсэн байргүй, газар нь бага гэх мэт хүндрэл байдаг. Байшингаа өргөтгөх, засварлахаас авахуулаад хилийн ча над дахь “Монгол Улсад” асуудал тулгардаг аж.
С.ТУУЛ