“Австрийн Вена хотод ирэх намар болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлаар сонгуульд автоматжуулсан систем ашиглаж буй талаарх харьцуулсан судалгаа, илтгэлүүдийг хэлэлцэнэ. Үүнд Монголын тухай мэдээлэл, туршлага ихээхэн сонирхол татах болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах хүрээнд санал хураалтын автоматжуулсан системийн ажиллагаа, ашиглалт сонирхол их татаж байна” хэмээн ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуров СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй өчигдөр уулзахдаа онцлов. Тэрбээр “Сонгуулийн бүхий л үйл явцыг автоматжуулсан системгүйгээр төс өөлөхийн аргагүй болжээ. Тиймээс ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос төдийгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэлдэх үүнд багтаж, бас Монгол Улс дахь Элчин сайдын яамны гээд манай 32 ажиглагч ирж, танай арга туршлагыг маш анхааралтай сонирхон ажиглах гэж байна.
Мөн гадаадад байгаа иргэдийнхээ саналыг анх удаа авсан нь их сонирхол татлаа” гэжээ. ОХУ хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ зөвхөн 400 мянга буюу 10 гаруй хувийнх нь саналыг авч чадсан байна. Гадаадад байгаа иргэдээс санал авах нь зардал их шаардсан ажил гэдгийг тэрбээр онцолжээ. Түүнчлэн манай улсын сонгуулийн үйл явц нээлттэй, ил тод байгааг сайшаав. Улмаар 2016 онд болох ОХУ-ын Парламентын сонгуульд, түүнээс өмнө энэ онд ОХУ-ын Буриад улсад болох бүс нутгийн сонгуульд Монголын сонгуулийн төв байгууллагын төлөөлөгчдийг ажиглагчаар урьсан байна.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог түүний бэлтгэл ажлын явц, ялангуяа сонгуульд автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй талаар зочдод танилцуулав. 2009 онд Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар манай хоёр орны сонгуулийн байгууллагын хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэрбээр илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд хоёр улсын сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга В.Е.Чуровт Монголын сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийг гардууллаа. Тэрбээр уг шагналыг хүлээн авч хэлсэн үгэндээ, миний өвөө Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө байлдаж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан. Манай гэр бүлээс миний бие Монголын энэхүү шагнал авч буй хоёр дахь хүн нь болсондоо баяртай байна гэлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.