“Зууны шатар” клубийн өсвөрийн шатарчин Ц.Ашид Украин улсад энэ сарын 13-22-нд болсон олон улсын 16 хүртэлх
насны хүүхдүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа сорьж, хоёр алт, нэг мөнгө, гурван цом хүртжээ. Тэрбээр шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын төрөлд тус бүр тэргүүн байр, сонгодог төрөлд дэд байрт шалгарчээ. Ц.Ашид арван настай, Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар лицей сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.
Тэрбээр “Би таван настайгаасаа шатар тоглосон. Манай гэрийнхэн шатар тоглодогг үй ээж л нүүдэл мэддэг. Харин би гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн, их мастер Ц.Батчулуун, дэд мастер А.Баярсайхан багш нараараа шатар тоглохыг заалгасан. Миний мөрөөдөл бол дэлхийн шатрын аварга болох. Том болоод шатрын дасгалжуулагч багш болно” хэмээсэн. “Би дэлхийн аварга болно” гэсэн бичгийг ээж нь Ц.Ашидын цөөнгүй дэвтрийн өнцөг дээрээс олж уншсан гэсэн. Украин руу тэмцээнд явахдаа тэрбээр “Аав аа, ээж ээ би мундаг шатарчин болно. Та хоёртоо хайртай. Хүү нь тэмцээндээ амжилттай оролцоод ирнэ ээ” хэмээн захиа бичиж үлдээсэн тухай ээж нь ярьсан.
Ц.Ашид шатар тоглохоос гадна рубикын шоо эвлүүлэх дуртай. Мөн тооны хичээлд “толгой цохидог”. Математикийн олимпиадаас авсан хэд хэдэн медаль түүний өрөөний хананд өлг өөтэй байгаа гэсэн. Тэрбээр хичээлдээ сууж, шатрын дугуйланд явж, гэрийн даалгавар хийх гээд өдрийг тоглох ч завгүй өнгөр үүлдэг гэсэн. Бяцхан тамирчин маань үргэлж шатар тоглож, тоо боддог учраас тархиа амраах зорилгоор Сүхбаатарын талбайд хааяа очиж ролик, дугуй унаж, өвөл цанын баазад цана, чаргаар гулгах дуртай гэнэ.
Ц.Ашид хүү нийслэлийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн шилдэг сурагч болж, тус сургуулиас зохиодог шатрын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн аж. Мөн Монголын сурагчдын эрдмийн хүрээлэнгийн алтан медаль, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гээд түүний гаргасан амжилт их.
П.Тунгалаг