Монгол түмэн Төрийн тэргүүнээ сонгох сонгуулийг зургаа дахь удаагаа амжилттай явууллаа. Гурван нэр дэвшигч өрсөлдсөн, анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн, гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд мөн анх удаа нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн гээд хэд хэдэн онцлогтой энэ удаагийн сонгууль Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татав бололтой. Сонгуулийн санал хураалт урьд өмнөх сонгуулиудаас харьцангуй зөрчил багатай болов уу даа гэсэн дүгнэлтийг монголчууд хийж байна. Гэхдээ зөрчил нэг биш удаа гарсан гэж намуудын Сонгуулийн штабаас мэдэгдэж байгаа. Харин иргэд маань санал хураах автомат машинтай харьцаж сурч байгаа бололтой, “хар” машинтай холбоотой зөрчил тун бага гарав.
.jpg)
Анх 1993 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулж ирснээс хойших хугацаанд сонгогчдын ирц байнга буурсаар байгаа үзэгдэл энэ удаад ч давтагдав. Албан ёсны дүн хараахан гараагүй байгаа хэдий ч нийт сонгогчдын 65 орчим хувь сонгуульд оролцсон нь 2009 оны сонгуулийнхаас бараг найман пунктээр буурсан гэсэн үг юм. Гэхдээ ямар ч байсан сонгууль хүчинтэй болжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын дүнгийн талаар намуудаас мэдээлэл хийхийг хориглосон ч 23.30 цагт АН-аас мэдээлэл хийж, тус намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэл болон зарим аймагт ялж байна гэв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн 00.15 цагт мэдээлэл хийхдээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын есөн дүүргийн долоод ялсан, ялалтын хувь нь 54 байна гэв. Харин мэдээгээ бүрэн ирүүлсэн Сэлэнгэд Ц.Элбэгдорж 47 хувиар, Дархан-Уулд 50 хувиар, Орхонд 51 хувиар олонхийн санал авсан байна гэлээ. Сонгуулийн албан ёсны урьдчилсан өнөөдөр гарна.
07.00 Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгууль орон даяар албан ёсоор эхлэв. Улсын бүртгэлийн газрын албан ёсны бүртгэлд бүртгэгдсэнээр сонгуулийн насны 1.856.190 сонгогч улсын хэмжээнд 1896 хэсгийн хороонд саналаа өгөх юм. Сонгогчдын 842 мянга нь, хэсгийн хорооны 368 нь Улаанбаатар хотынх аж. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 45.5 хувь нь нийслэлд оршин сууж байгаа юм. Санал авах ажиллагаа хуулийн дагуу оройн 22.00 цагт дуусна.
10.30 Нийслэлийн Баянгол дүүргийн сонгуулийн 50 дугаар хэсгийн хороонд сонгогч цөөнгүй байлаа. Уг хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр 127 хүн хүсэлт гаргаснаас 117-гоос нь санал авчээ. Үлдсэн 10 хүний зарим нь иргэний үнэмлэхээ цахимжуулаагүй гэх мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас санал авах боломжгүй болжээ. Хэсгийн хорооны дарга Ц.Гомбосүрэн “Нэрсийн жагсаалтад 1653 сонгогч бүртгэгдсэнээс одоогоор 309 хүн саналаа өгч, ирц 18.7 хувьтай байна. Манай хэсгийн хороонд МАН, АН-аас долоон ажиглагч ажиллаж байгаа. Одоогоор ямар нэг зөрчил, асуудал гараагүй, бүх зүйл хэвийн” гэсэн мэдээлэл өгөв. Сонгогч хурууныхаа хээг уншуулж, бүртгүүлээд саналын хуудсаа авахад өөр нэг ажилтан тусгай хавтас өгч байлаа. Ажилтнууд саналын хуудсаа хэрхэн машинд уншуулах зааврыг хүн бүрт өгч байв. Улс төрийн намуудын ажиглагч нар бүх зүйл хуулийн дагуу өрнөж байгааг хэлсэн.
10.50 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IV хэсгийн хороонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт ирж саналаа өгөх байв. Тус хэсгийн хороонд 2901 сонгогч бүртгэгдсэнээс шилжилт хөдөлгөөн хийсэн, гадаадад байгаа гэсэн шалтгаанаар 182 нь хасагдсан байна. 2719 сонгогчоос 468 нь саналаа өгч, ирц 17.2 хувьтай байв. Хэсгийн хорооны дарга Ч.Энхнасан “07.00 цагаас эхлээд л иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ямар ч байсан хүн тасрахгүй байгаа. Зөөврийн хайрцгаар найман хүн саналаа өгсөн. Тэдний саналын хуудсыг 07.00 цагт машин нээгдмэгц уншуулсан” гэлээ. Төрийн тэргүүн, бас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж энд саналаа өгөх учраас гаднын сэтг үүлчид, ажиглагчдын анхаарлын төвд байсан. Тэнд Япон, БНХАУ-ын сэтгүүлчид ирсэн байв. Мөн АН, МАН-аас тус бүр дөрөв, МАХН-аас хоёр ажиглагч байгаа аж. Биднийг тэнд байх хугацаанд иргэд тасралтгүй ирж, саналаа өгсөөр байлаа. Залуус ч цөөнгүй харагдана лээ.
11.30 Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн сонгогчдын ирцийн эхний мэдээллийг хийв. Нийслэлийн хэмжээнд нийт 368 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд 11.00 цагийн байдлаар сонгогчдын 18.11 хувь нь саналаа өгсөн байна. Багахангай дүүргийн иргэд сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцож байлаа. Тус дүүргийнхний ирц 22.36 хувьтай байв. Санал авах үеэр санал тоолох машин гацсан хэд хэдэн тохиолдол гарсан ч мэдээлэл технологийн даамлууд цаг алдалгүй зөрчлийг арилгасан талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэв. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Гэтэл хууль зөрчин ажилчдаа амраалгүй ажиллуулж буй аж ахуйн нэгж үүдийн талаар иргэдээс гомдол ирсэн байна. Үүний дагуу “Өгөөж” компанид шаардлага хүргүүлж, иргэдийг санал өгөх эрхээ эдлэх боломжтой болгожээ.
11.40 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхнэр Х.Болормаагийн хамт Сүхбаатар дүүргийн IV хэсгийн хороонд хүрэлцэн ирэв. Эхнэр нь ягаан торгон дээлээр гоёж, Ерөнхийл өгч мөн тийм өнгийн зангиа хослуулжээ. Тэд сэтг үүлчидтэй мэнд мэдэж, хөтлөлцсөөр Хэсгийн хороо руу орсон. Ингээд иргэний үүргээ биелүүлж, саналаа өгснийхөө дараа тэрбээр “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Сайхан өдөр болж, иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Ялангуяа залуус, оюутнуудын улс төрийн идэвх сайжирчээ. Ирэх дөрвөн жил Монгол Улсын бүтээн байгуулалт, их хөгжил дэвшлийн суурийг тавих шийдвэр гаргах хугацаа байна гэдэгт итгэж байна. Монгол түмний маань аз хийморь, буян заяа өөдр өг байхыг хүсэн ерөөе. Баярлалаа” хэмээн товчхон ярилцлага өгөв. Дараа нь гаднын сэтг үүлчид түүнээс тусгайлан ярилцлага авна лээ. Иргэд түүнтэй гар барьж, амжилт хүсэж байлаа.
11.50 Монгол Улсын Ерөнхийл өгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал морин цагт Нийслэлийн VI дунд сургуульд байрлаж буй Сүхбаатар дүүргийн VII хэсгийн хороонд гэр бүлийн хамт очиж саналаа өглөө. Төрийн тэргүүнд нэр дэвшиж буй анхны эмэгтэй тэрбээр тод улаан өнгийн хувцсаар гоёсон байв. Н.Удвал саналаа өгснийхөө дараа “Энэ удаагийн сонгууль монголчуудын хувьд түүхэн үйл явдал юм. Шинэ төрийг урлан бүтээхэд Монголын шударга иргэд, хүн бүр хүчин чармайлт гарган, төрөө хүндэтгэж, сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Миний санал өгсөн хэсгийн хороонд сонгогчдын ирц сайн байна. Би дугаарлаж зогсоод, 20 гаруй хүний дараа саналаа өглөө. Энэ удаагийн сонгуулийн ирц хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Нийт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.
12.00 Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн VI хорооны IX хэсгийн хороонд ирж, саналаа өглөө. Тэрбээр саналаа өгснийхөө дараа иргэд сонгогчдод хандан “Монгол орон даяар Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломж бүрдсэн энэ сайхан өдрийн мэндийг иргэддээ дэвшүүлье. Та бүхнийхээ халуун сэтгэл, итгэл, дэмжлэгийн хүчээр өдий зэрэгтэй явна. Энэ их дэмжлэг өнөөдөр ч надад мэдрэгдэж, асар их эрч хүч нэмж байна. Монгол төрийн энэ хүндтэй сонгууль хуулийн хүрээнд, шударга сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Иргэдийн маань сонголт мэргэн байх болтугай” гэв. 12.00 цагийн байдлаар тус хэсгийн хороонд ямар нэгэн зөрчил, техникийн саатал гараагүй байна. “Манай хэсэгт нийт 2212 хүн бүртгэгдсэнээс 593 нь саналаа өгчихөөд байна. Ирц сайн, хүний хөл тасрахгүй байна” хэмээн Чингэлтэй дүүргийн VI хорооны IX хэсгийн хорооны дарга Я.Сүрэнжав ярилаа. Тус хэсгийн хороонд гурван намын төлөөллөөс гадна ХБНГУ, Норвеги, ОХУ, АНУын ажиглагчид байв.
.jpg)
15.00 цагийн байдлаар нийслэлийн иргэдийн 42.77 хувь буюу 349.598 сонгогч саналаа өгчээ. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрханаас бусад дүүргийн сонгогчдын 42-45 хувь нь сонгуульдаа оролцсон байв. Харин Сонгинохайрхан дүүргийнхний ирц 39.28-тай байгаа талаар нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун мэдээлэв. “Мөнгөн завьяа”, “Начин заан”, “Говь” зэрэг компани хууль зөрчиж, ажилчдаа амраагааг үйгээс хүмүүс саналаа өгөх эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар тус сонгуулийн хороонд гомдол иржээ. Үүний дагуу дээрх компаниудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Түүнээс гадна АН мөнгө тарааж байж болзошгүй тухай МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан сонордуулгыг олон хувиар хэвлэж, Хан-Уул дүүрэгт тараасан талаар АН-аас мөн гомдол гаргасан байна.
15.40 СЕХ ээлжит мэдээллээ хийв. Ирц орон нутагт дунджаар 43.42, нийслэлд 42.77 хувьтай байсан бол улсын хэмжээнд иргэдийн 43.07 хувь нь саналаа өгөөд байв. Хэнтий аймагт Онон, Балжийн гол үерлэж, иргэд саналаа өгч чадахгүй боогджээ. Энэ асуудлаар СЕХ-ноос ОБЕГ-тай ярилцаж, завь гаргуулахаар болсон байна. Гэвч машин гарч чадахгүй байгаа учраас завь хүргэх ажилд хүндрэл гарч болзошгүй байгаа гэв. СЕХ-ноос үүнд зориулан нэмэлт зардал гаргахад бэлэн байгааг дарга Ч.Содномцэрэн дуулгав. Мөн улс төрийн намууд болон иргэдээс сонгуультай холбоотой ямар нэг гомдол ирүүлээгүй гэв. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Саналаа өгөөгүй сонгогчийн төрийн албанд ажиллах эрхийг хасна, найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулахг үй гэх мэт яриа гарсан нь үнэн юм уу?
-Худлаа.
-Зарим байгууллага ажилчдаа амраахгүй, саналаа өгөх боломжоор хангахгүй байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Үдээс өмнө ийм гомдол гарсан. Нийслэлийн сонгуулийн хорооноос тухайн компаниудад мэдэгдэл хүргүүлж, арга хэмжээ авснаар дахин ийм гомдол гараагүй.
-Хэсгийн хороодод ажиллаж буй хүмүүсийн саналаа өгөх боломжийг яаж хангасан бэ?
-Аль болох тухайн хэсгийн хороондоо харьяалагддаг хүм үүсийг сонгосон учраас асуудалгүй.
-Дундговь аймаг болон нийслэлд, Дарь-Эх орчимд санал тоолох машин гацсан учраас гараар тоолж байгаа гэх мэдээлэл байна?
-Цахилгааны хэлбэлзэл, кодоо буруу оруулсан зэрэг шалтгаанаар зарим хэсгийн хороонд санал тоолох машин гацсан, тэр дор нь арга хэмжээ авсан. Одоо бүгд хэвийн ажиллаж байна гэв. 17.00 Хэсгийн хороодод санал хураах үйл явц ямар байгааг сонирхож, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр хэсгийн хороогоор орлоо. Тус хэсэгт 1906 сонгогч бүртгэгдсэнээс 851 хүн буюу 44.65 хувь нь саналаа өгчээ. “Одоогоор техникийн ямар нэгэн саад гараагүй. Иргэд саналын хуудсаа журмын дагуу зөв бөглөж байна. Харьцангуй идэвхтэй оролцож байна” хэмээн тус хэсгийн хорооны дарга Ё.Энх-Амгалан ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн VIII хэсгийн хорооны хувьд 17.20 цагийн байдлаар ирц 51 хувьтай байв. Тус хороонд хараагүй иргэдэд зориулсан баррель үсэг бүхий саналын хуудсыг хоёр хүн ашиглажээ. 26-40 насны иргэд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь дэлгэцэн дээрээс тод харагдаж байлаа. Харин санал авах байрны гадна ДА буюу Дархан-Уул аймгийн дугаартай автомашинд суусан 60 орчим насны хоёр эмэгтэй цаасан дээр ямар нэгэн бүртгэл хийж байв. Учрыг нь асуувал “Диспетчер хийж байна. Машинуудаа бүртгэж байгаа юм” гэв. Үүнээс үзэхэд иргэдийг машинаар зөөж авчирч, саналыг нь өгүүлж байгаа бололтой. Баянгол дүүрэгт мөн иргэдийг микро автобусаар зөөж саналыг өгүүлж байгаа талаар иргэдээс гомдол ирсэн ч нийслэлийн Сонгуулийн хороонд энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байв.
17.30 МАН-ын сонгуулийн штабаас хэвлэлийн хурал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр хууль зөрчсөн олон үйлдэл гарч байгаа тухай мэдээлэв. Ардчилсан сонгууль нь нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг бол энэ удаагийн сонгуулиар эрх баригч нам цагдаагийн байгууллагын хүчийг дайчлан сонгогч болон ухуулагчдыг саатуулах, дарамтлах ажиллагаа явуулж, иргэдийн сэтгэл зүйд айдас хуруулж байна. Мөн Багануур, Сонгинохайрхан дүүрэгт иргэдэд мөнгө тараасан, Хан-Уул дүүргийн зарим хорооны Засаг дарга нар “Саналаа өгвөл газар олгоно” гэж Морингийн даваанд иргэдийг цуглуулсан, Хан-Уул дүүргийн сонгогчдын дунд нэрсийн жагсаалтад байхгүй хүн багтсан зэрэг олон зөрчил илэрсэн тухай дуулгав.
Санал хураалтын өдөр Сонгуулийг хуулийг зөрчин UBS телевизийн II суваг, “Eagle” телевизээр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн намтрыг уншсан, 25-ны өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын Ц.Элбэгдоржийг магтсан ярилцлага гарсан нь МАНын сонгуулийн штабын анхаарлыг татжээ. Тус намын штаб “Энэ бүх баримт сонгууль хуулийн дагуу хэвийн явагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүйг харуулж байна. Холбогдох баримтыг МАН-ын Сонгуулийн штабаас СЕХ, ЦЕГ болон бусад холбогдох байгууллагад хүргэж байгаа боловч СЕХ “Сонгуультай холбоотой ямар ч гомдол ирээгүй” хэмээн мэдэгдэж байгаа нь гайхалтай. ШӨХТГ энэ бүгдийг хянана гэж найдаж байна” гэсэн юм. Мөн БХИС дахь санал авах байранд тухайн сонгуулийн хэсгийн хороонд бүртгэлгүй оюутнуудыг хүчээр санал өгүүлсэн, цэргийн алба хаагчдын дэргэд хянагч маягийн хүн зогсож байгаад саналыг нь өгүүлсэн үйлдэл гарч ардчилсан нийгмийн сонгуулийн нууц санал хураалтын үнэ цэнийг алдагдуулж байна. Сонгуулийн хэсгийн хорооны хурууны хээ уншигч машин ажиллахгүй байхад автомат санал хураалтын төхөөрөмж санал өгсөн гэх хуудсыг хэвлэсэн. Энэ жишээ сэтгүүлч Ө.Отгонбаатарын санал өгсөн хэсгийн хороонд давтагдсан. Мөн Баянгол дүүргийн иргэн н.Ууганцэцэгийг саналаа өгөхөөр очиход “Та саналаа өгчихсөн байна” гэжээ. “Яагаад” гэж асуусан түүнийг цагдаагийнхан саатуулахаар авч явсан зэрэг олон зөрчил гарсан талаар тэд дуулгалаа.
18.00 СЕХ Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйны нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгалаа. Улмаар санал авахад зарцуулааг үй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолсон байна. Хилийн чанадад 6233 иргэн санал өгөхөөр жагсаалтад бүртгэгдсэний 4248 буюу 68.2 хувь саналаа өгсөн билээ.
19.30 19.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 58.35, орон нутагт 57.25, улсын хэмжээнд 57.73 хувь байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв. Санал хураах ажилтай холбоотойгоор сайтуудаар олон мэдээлэл гарч буй ч албан ёсоор СЕХ-нд ямар нэг гомдол, санал ирээгүй гэдгийг тэр давтан хэлэв. МАН-ын сонгуулийн штабаас АН-ынхан мөнгө тарааж, хууль зөрчс өн тухай мэдээлэл хийснийг тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.3 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Өнөөдрийн баримтуудыг бид цуглуулж байгаа. Сонгуулийн дараа хуулийн байгууллагад өгнө” гэлээ. Үертэй байсан аймгууд руу завь илгээсэн учраас сонгогчид саналаа өгөхөд асуудалгүй болсон байна. Хөвсг өл аймаг, Эгийн гол орчимд гурван ч завь гаргажээ. Мөн Ховд аймгийн үертэй голуудад завь илгээсэн аж. Харин Хэнтий аймгийн тухайд голын ус тодорхой хэмжээгээр татарч, машин гарах боломжтой болсон юм байна. СЕХ-ны дарга “Бид 2009 оны сонгуулийн үеэр мэдээлэл өгч байснаасаа цагийн өмнө ирцээ танилцуулж байгаа. Улаанбаатараас цагийн зөрүүтэй Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын тухайд 23.00 цагт сонгууль дуусна. Гэхдээ дараагийн мэдээллийг бид 22.30 цагт өгнө” гэлээ.
21.40 Чингэлтэй дүүргийн IV хэсгийн хороонд сонгуулийн насны 1919 хүн бүртгэгдсэнээс 1413 хүн саналаа өгчээ. Санал авах явцад ямар нэгэн зөрчил, техникийн саатал гараагүй хэмээн тус хэсгийн хорооны дарга О.Энхбат ярилаа. Тус хэсгийн хороонд ажиглалт хийж байсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагч, Швейцарийн парламентын гишүүн Франсин Жон-Каламе, Германы иргэн Хейко Майнхардт нартай ярилцлаа.
-Сонгуулийн ажиглагчаар та өмнө нь ажиллаж байсан уу. Хэчнээн хэсгийн хороогоор оров?
Ф.Жон-Каламе:-Энэ бол миний ажиглалт хийсэн тав дахь сонгууль. Нийт зургаан хэсгийн хороогоор явж, ажиглалаа.
Х.Майнхардт: -Миний хувьд 27 дахь сонгуульдаа ажиглагчаар оролцож байна. Монголд анх удаа ажиллаж байна. Өнөөдөр Багануур дүүргийн I, IV, VIII хороо болон нийслэлийн хэд хэдэн хороонд ажиглалт хийсэн.
-Сонгуулийн үйл явцын талаар юу гэж бодож байна вэ. Бусад орны сонгуультай харьцуулахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Ф.Жон-Каламе: -Бид сонгуулийн үйл явцын талаар ярих бүрэн эрхтэй хүмүүс биш. Гэхдээ хүмүүсийн сонгуульд оролцох идэвх их өндөр юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн идэвх, оролцоо сайн байгаа нь сайхан санагдлаа.
Х.Майнхардт: -Германд саналын хуудсыг шуудангаар явуулаад иргэд саналаа мөн шуудангаар илгээдэг. Иргэдийн саналын дүнг гар аргаар тоолдог. Харин Монголд орчин үеийн дэвшилт техник технологи ашиглаж байгаагаараа бусад орноос онцлог санагдлаа. Тиймээс бүх зүйл ойлгомжтой, хялбар юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. Гэхдээ ийм иргэдийнхээ санал өгөх нөхцөлийг төдийлэн сайн хангаагүй байна. Багануур дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг санал авах байр руу дамжилж оруулж байсан. Техник технологийн хувьд Монгол хавьгүй урд алхаж байна гэв.
22.00 Цагийн зөрүүтэй баруун гурваас аймгаас бусад аймагт санал хураах үйл ажиллагаа дуусаж, хэсгийн хороод мэдээллээ нэгтгэж эхлэв.
02.53 цагт ирсэн нэгдсэн мэдээгээр сонгуулийн 1879 хэсгийн хороонд 1.234.692 сонгогч саналаа өгчээ. Урьдчилсан мэдээгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчдоос 620.123 санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 512.209, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80.398 санал аваад байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1896 хэсгийн хорооноос 17 хэсгийн хорооны дүн мэдээ ирээгүй байгаа ажээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт 10, Дорнод, Өвөрхангай, Увс аймагт тус тус хоёр, Дорноговь аймагт нэг хэсгийн хороо мэдээлэл ирээгүй байгаа ажээ.
2013.06.27 10.00 СЕХ-ноос Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн анхан шатны санал хураалтын урьдчилсан дүнг дөнгөж сая мэдээллээ.
Нэгдсэн мэдээгээр нийт 1.864.595 хүн нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 1.239.784 сонгогч саналаа өгчээ.
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 66.49 хувьтай байгаа юм.
Эндээс АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчдоос 622.794 санал буюу 50.23, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520.380 буюу 41,97, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80.563 буюу 6.5 хувийн санал, хүчингүй буюу давхардуулж бөглөсөн огт бөглөөгүй санал 1,10 хувь байна.
Аймгуудын хувьд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 314295, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 301273, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 48100 санал, нийслэлийн хэмжээнд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 305.760, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 217.824, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 32.281 санал авсан байна.
Харин гадаадад байгаа Монгол иргэдээс 2739 сонгогч Ц.Элбэгдоржид, 1283 нь Б.Бат-Эрдэнэд, 182 сонгогч Н.Удвалын төлөө санал өгчээ.
Түүнчлэн сонгуультай холбоотой гомдол, зөрчлийн мэдээлэл байхгүй талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дуулгалаа.
Нийт сонгогчдын санал өгсөн байдал
