Жиргээчид “саналын 1000” төгрөгөө өвчтэй охинд хандивлана
Сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд СЕХ-ноос саналаа өгсөн иргэн бүрт 1000 нэгж бэлэглэх шийдвэр гаргасан. Үүрэн телефоны бүх компани уг ажилд нэгдсэн юм. Саналаа өгсөн сонгогчдод үлдэж буй хуудасны доод талд бэлгийн 1000 нэгжээ хэрхэн авах зааврыг бичсэн байв. Тэгвэл жиргээний ертөнцөд хэсэг залуу уг 1000 төгрөгөө өөрөө авалгүйгээр, хорт хавдраар шаналж буй Б.Танан хэмээх охины эмчилгээнд нэмэрлэх уриалга гаргасан байлаа.
Саналаа өгөхийн тулд сал ашиглажээ
Зарим аймагт цаг агаарын нөхцөл байдал тааруу, бороо их орсноос үер болжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд уржигдар орсон борооноос болж Үүрийн гол үерлэсэн байна. Сонгогчид заавал гол гаталж хэсгийн хороон дээрээ очих ёстой. Тиймээс сал, завь ашиглан гол гаталж, сонгох эрхээ эдэлж байгаа мэдээлэл ирэв. Төрийн тэргүүнээ сонгоход иргэн бүрийн санал чухал учир Цагаан- Үүрчүүд ийм байдлаар идэвхээ харуулжээ.
Битүүмжилсэн хайрцгаар нийслэлд 4812 иргэн саналаа өгөв
Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажлыг энэ сарын 25-ны 07.00-20.00 цагт зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр 5198 сонгогч бүртгүүлснээс 4812 буюу 92.6 хувь нь саналаа өгсөн байна. Дүүргээр нь мэдээлбэл, Чингэлтэй дүүрэг 95, Налайх, Сүхбаатар дүүрэг 94, Багахангай, Баянзүрх дүүрэгт 93.3 хувьтай оролцсон бол Багануур дүүргийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн 81.7 хувь нь сонгуульдаа оролцсон байна.
Санал өгсөн тасалбараараа кино үзээрэй
Сонгуулийн ирцийг нэмэх, залуусын идэвхийг сайжруулах зорилгоор “Өргөө” кинотеатраас өчигдөр гэнэтийн бэлэг барив. Төрийн тэрг үүнээ сонгох улс төрийн эрхээ эдэлж, иргэний үүргээ биелүүлсэн иргэдэд түүнийг нь баталгаажуулсан бүртгэлийн хуудас олгож буй билээ. Уг хуудсаа хадгалсан иргэд энэ сарын 27- 30-нд тус кинотеатрт 1000 төгрөгөөр кино үзэх боломжийг тэд олгосон байна. Энэ тухай “Өргөө” кинотеатрын хамт олон фэйсбүүк дахь албан ёсны хуудсаараа дамжуулан олон нийтэд зарласан юм. Мөн дээрх тасалбараар зарим үйлчилгээний газрууд өнөөдрийг дуустал таксгүй үйлчлэх аж.
Гадаадын 400 гаруй ажиглагч
Ерөнхийлөгчийн сонгуулийг тандав Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиглаж буй. АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцарь зэрэг 35 орноос гадна олон улсын байгууллагын нийт 400 гаруй ажиглагч СЕХ-нд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авсан байна. Түүнчлэн гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар иржээ.