BBC
Уул уурхайн баялгаа хэрхэн ашиглах, хөрөнгийн тэгш бус хуваарилалтыг яаж шийдэх вэ гэсэн асуулт өвөрлөсөн Монголын сонгогчид шинэ Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч эхлэв. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улиран сонгогдох, эсвэл цоо шинэ хүн гарч ирэх, эсэхийг шийдэх энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, алдартай бөх Б.БатЭрдэнэ, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нартай өрсөлдөж байна.
АНУ-ын АВС телевиз
Монголчууд Харвардын төгсөгч, алдартай бөх, эмч (анхны эмэгтэй нэр дэвшигч) гурваас шинэ Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Уул уурхайн баялгийн буянаар эдийн засаг нь сэргэсэн ч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурч буй энэ үед хүн амынх нь гуравны нэгийг эзлэх ядуусын тоо буураасай гэж сонгогчид хүлээж байгаа.
“The New York Times”
Коммунист дэглэмийг устгаж, ардчиллыг бий болгосноос хойш хоёр жилийн дараа буюу 1992 онд Ерөнхийлөгчийн анхны сонгуулиа хийж байсан монголчууд Төрийн тэргүүнээ сонгох зургаа дахь удаагийн санал хураалтад оролцож байна. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр өрсөлдөгч хоёул Оюутолгой дахь “Rio Tinto”-гийн эрх мэдлийг хазаарлах тухай саналыг мөрийн хөтөлбөртөө оруулсан нь анхаарал татмаар.
“Xinhua”
Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Зургадугаар сарын 14-16- нд явуулсан санал асуулгаар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 54 хувийн саналаар ялалт байгуулна гэсэн таамаг гарсан. Хэрэв энэ таамаг батлагдвал тэрбээр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч болох юм. Хэрэв энэ удаагийн сонгуулиар аль нэг нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авахгүй бол долдугаар сарын 10-нд дахин сонгуулийг товложээ.
“Голос России”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 1.856.190 сонгогч оролцохоор бүртгүүлээд байна. Энэ сонгууль нь орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд болох юм. Монголчууд гурван нэр дэвшигчээс нэгийг нь сонгох бөгөөд ялагч 50 хувийн санал авахад хангалттай аж. Ажиглагчид Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд ялах хүнээр одоогийн Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг тодорхойлоод байгаа. 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдож байжээ. Дараагийн өрсөлдөгч нь УИХын гишүүн, МАН-аас нэр дэвшсэн, 49 настай Б.Бат-Эрдэнэ юм. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялсан тохиолдолд ашигт малтмалын лицензүүдийг дахин шалган магадалж, ордын ашиглалтад төрөөс хяналт тавьж ажиллана гэж мэдэгдээд байгаа. Харин гурав дахь өрсөлдөгч Н.Удвал анхны эмэгтэй нэр дэвшигч бөгөөд Эрүүл мэндийн сайд аж.