Гадаадын төлөөлөгчдөөс гадна дотоодын олон байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажигласны нэг нь Филантропи хөгжлийн төлөө төвийнхөн юм. Тэд энэ тухайгаа өчигдөр танилцуулав. Ажиглагчид сонгуулийн 38 хэсгийн хороонд ажиллажээ. Сонгогчийн эрхээ хэрэгжүүлэхэд автомат машинтай холбоотой ойлгомжгүй, хүндрэлтэй зүйл гараагүй, сонгогчдын бүртгэлтэй холбоотой цөөн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, сонгогч санал авах байранд ирсэн хойно тухайн иргэний нэр нэрсийн жагсаалтад байхгүй, нэрийг түр хассан, лавлагаа болон гадаад паспортоор санал өгөхөөр ирсэн, цахим үнэмлэхгүй иргэд байжээ.
Энэ жилийн сонгууль өмнөхөө бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх хүртээмжтэй дэд бүтцийг харьцангуй сайжруулсан бөгөөд нийт иргэдийн 80 орчим хувь нь саналаа өгсөн байна. Санал тоолох үйл явцыг үнэлсэн ажиглагчдын үнэлгээгээр 27 хувь нь маш сайн, 70 нь сайн, гурван хувь нь дунд гэсэн үнэлгээтэй гарчээ. Хяналтын тооллогыг хуульд заасны дагуу хийж, санал тоолох машины дүн болон гараар тоолсон саналын дүнгийн хооронд зөрүү гараагүй байна.
Нийт 35 хэсгийн хорооны гишүүн, улс төрийн намын 41 ажиглагчаас санал асуулга авсан бөгөөд хэсгийн хорооны гишүүд нь намын харьяалалгүй, төрийн албан хаагчид байжээ.
О.Ундрах