Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ томилогдсон. Эрхзүйч мэргэжилтэй, Дорнод аймагт мөрдөн байцаагч, гурилын үйлдвэрийн даргаар ажиллаж байсан тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Шинэ захирал нэгдлийнхээ Хангамжийн хэлтсийн даргаар УИХ-д бие даан сонгогдсон Ц.Даваасүрэнгийн хүн гэгдэх Энхболдыг томилжээ. Тэрбээр Багануурын уурхайн орлогч даргаар ажиллаж байсан аж. Мөн Экспортын хэлтсийн мэргэжилтнээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүнийг томилсон ч өнөөх нь хүнд албанд томилогдсоноо ухамсарлаж гурав хоноод явсан гэнэ. Үүнээс гадна Эрээнд суух төлөөлөгчийг сольж, ерөнхий нягтландаа дарамт шахалт үзүүлсээр өөрөөр нь өргөдлийг нь өгүүлсэн байна. Шинэ захирал ерөнхий нягтлангаараа өөрийн хүнээ томилсон ч Монгол, Оросын компанийн зөвл өл нь зөвшөөрөөгүй аж. Тиймээс дотроо ажиллаж байсан орос мэргэжилтнийг ерөнхий нягтлангийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлаар УИХ-д бие даан сонгогдсон Х.Болорчулууны дүүг томилсноос хойш хөрөнгө, санхүү хариуцсан хэлтс үүдэд өөрийн хүмүүсийг толгой дараалан томилж эхэлсэнд нэгдлийн ажилтнууд таагүй хандах болжээ. Үйлдвэрт орон тооны цомхтгол хийх шаардлага байгаа. Гэхдээ халсан хүнийхээ оронд туршлагатай мэргэжилтнүүдийг дотроосоо томилохын оронд гаднаас улс төрийн харьяаллаар УИХ-ын бие даагч гишүүдийн халаасны хүм үүсийг хариуцлагатай албан тушаалд томилж буйд орос, монгол ажилтнууд нь эгдүүцэж байна.
Э.Оргил