.jpg)
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл 10 гаруй хүн өчигдөр Төрийн ордны баруун хаалганы дэргэд жагсав. “ХЗХ-ны хохирлыг барагдуулах хууль баталж өгөөч”, “Төр төлөх ёстой” гэсэн уриа барьсан тэдгээр жагсагч Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар баталж өгөхийг хүсэв. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэн улмаар Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Ямар учраас энэ асуудал хойшлогдоод байгааг мэдэхгүй. 8000 гаруй хохирогчийн асуудлыг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна” гэв. УИХ-ын гишүүн С.Баярцогт хохирогчдын төлөөлөлтэй энэ үеэр уулзсан юм. Тэрбээр “Та бүхний асуудлыг ойлгож байгаа УИХ-ын даргын зөвлөлөөр дараагийн долоо хоногийн чуулганд хэлэлцэх асуудлыг маргааш /өнөөдөр/ баталгаажуулах юм. Энэ үеэр та бүхний асуудлыг УИХ-аар оруулах тал дээр анхааръя” гэсэн юм. Хаврын чуулганаар уг хуулийн төслийг оруулахгүй бол Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд дахин жагсана гэдгээ илэрхийлэв.