Гудамжны эсэргүүцлийн ажиллагаа Египетэд засаглалыг дахин өөрчиллөө. Батлан хамгаалахын сайд Абдель Фаттах асСисси лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ тус улсын Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоон, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах болсон тухай зарлажээ. Цэргийнхэн Ерөнхийлөгч Мохаммед Мурсийг албанаас нь огцруулж, оронд нь Үндсэн хуулийн шүүхийн дарга Адли Мансурыг Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. 2011 оны хоёрдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө үүнтэй төстэй үйл явдал Египетэд болж, Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагаж байв. Тэгэхэд засгийн эрхийг армид түр шилжүүлсэн.
Энэ удаад ч армийн идэвхтэй оролцооны “ачаар” Төрийн эрх баригч хүчээр суудлаа орхив. Гэхдээ Мубаракаас ялгаатай нь, Ерөнхийл өгч Мурси эцсийн мөчийг хүртэл албан тушаалаа сайн дураар өгөхөөс татгалзсан аж. Хоёр жил гаруйн өмнө ч гудамжны жагсагчдын үйл ажиллагааны төв болж байсан Каир дахь Тахририйн талбайд дээрх мэдэгдлийн дараа ёслолын буудлага нижигнэснийг “Ройтерс” уламжлав. Батлан хамгаалахын сайдын хэлснээр бол, үндэсний яриа хэлэлцээ хийхийг Ерөнхийлөгчид хандаж удаа дараа хүссэн ч зөвшөөрөөгүй гэнэ. “Сүүлийн өдрүүдэд улс төрийн бүх хүчин, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газартай үндэсний эвлэрлийн үйл явцыг сэргээхээр зэвсэгт хүчин хамгийн дээд хүч чармайлтаа тавьсан” хэмээн сайд ас-Сисси мэдээлсний сацуу ард олонд хандаж жагсаалын тайван өнгө төрхийг хадгалахыг уриалж, эсрэг тохиолдолд армийн хатуу гараар үзнэ гэж анхааруулжээ.
Тэгвэл экс Ерөнхийлөгч Мурсийн Тамгын газрын “Фэйсбүүк” дэх албан ёсны хуудсанд болсон үйл явдлыг цэргийн эргэлт гэж нэрлэн, армийн үйл ажиллагааг тайван замаар эсэргүүцэхийг ард түмэндээ уриалсан Ерөнхийлөгч асны үгийг тавьсан байна. Армийнхан Ерөнхийлөгчийг албанаасаа огцрохыг тулган, 48 цагийн хугацаа олгосон. Мягмар гаригт тулган шаардлагын хугацаа дуусмагц түүний бүрэн эрхийг хүчингүй болгосныг зарласан аж. М.Мурси эдүгээ хаана байгаа нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийн гвардын хяналт дор гэрийн хорионд байлгаж байгаад армийнхан аюулгүй газар аваачсан гэх мэдээлэл л байна. Цэргийнхэн улсын телевизийн байр, дэд бүтцийн үндсэн объектууд болон Засгийн газрын барилгыг мэдэлдээ авч, исламын талынхны дөрвөн телесувгийн өргөн нэвтрүүлгийг хаажээ. Батлан хамгаалахын сайдын мэдэгдлийн дараа Каирын “Аль-Азхар” исламын их сургуулийн шейх Ахмад ат-Тейиб, сүм хийдийн тэргүүн нар армийнхны төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Сөрөг хүчний төлөөлөгч Мухаммед аль-Барадеин хэлсэнчлэн 2011 оны хувьсгал Египетэд ийнхүү дахин сэргэлээ. Ерөнхийлөгч Мурсийн бүрэн эрхийг зогсоосныг зарласны дараа Египетийн 17 мужид Ерөнхийлөгчийн талынхан хийгээд эсэргүүцэгчдийн дунд буудалцаан, үймээн, мөргөлдөөн гарч, найман хүн амь үрэгдэн, 343 хүн шархадсан тухай Эрүүл мэндийн сайд мэдэгдэв. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн талын “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдлага болон улс төрийн жигүүр-Эрх чөлөө, шударга ёсны намын тэргүүн Саад аль-Кататнийг аюулаас хамгаалах хүчин баривчилсан болохыг МЕНА мэдээллээ. Орон даяар “ахан дүүс”-ийн 300 гаруйг нь баривчлах тушаал өгөөд буй аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Египетийн Ерөнхийлөгчийг албанаас нь түлхэн унагасан үйл явдалд гүнээ сэтгэл зовинож буйгаа илэрхийлэн, “Ардчилсан сонгуулиар тогтоосон иргэний засаглал, Засгийн газрыг аль болох хурдан сэргээнэ хэмээн найдаж байна” гэв. Вашингтон Египетэд жил бүр 5.1 тэрбум долларын тусламж үзүүлдгийн зонхилох хувь цэргийн салбарт ногддог юм байна.
Х.ЭНХ