Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяаг томилжээ. Ингэснээр өөрийн салбарт эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилохыг хичээдэг сайдын хүсэл биелэв. А.Эрдэнэтуяа нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөөд унасан нэгэн. Гэвч яам толгойлох өндөр албан тушаалд томилогдлоо. Тэрбээр Н.Удвал сайдтай нутаг нэг, Архангай аймгийнх бөгөөд ойр дотнынх нь хүн гэнэ. Халаа, сэлгээ үүгээр дуусаагүй. Н.Удвал сайд ажилдаа оронгуутаа захирал нь томилогдоогүй зургаан эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах товыг зарлалаа. Бас яамныхнаа “хөдөлгөөнд” оруулав бололтой. Сайд “Ачтан Элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч бүсгүй Ц.Энхбаярт Эрүүл мэндийн яамны Оношлогоо, эмчилгээ, технологийн газрын даргын албан тушаал санал болгосон ч “Онцын ач холбогдолгүй ажил” хэмээн голжээ. Ц.Энхбаяр эмч одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.
Э.ОРГИЛ