УИХ дахь намын бүлгүүд хаврын чуулганы сүүлийн хуралдаанаа өчигдөр хийлээ. АН-ын бүлгийн хуралдаанаар хаврын чуулганаар хийсэн ажлаа дүгнэж ярилцсан байна. Энэ талаар Бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Хаврын чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийг тогтвортой байлгах, бүтээн байгуулалт, дэд бүтцээ хөгжүүлэх, хууль эрх зүйн салбарыг шинэчлэхэд чиглэсэн гол хуулиудыг баталлаа. Улмаар бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, монгол хүн хөдөлмөрөө үнэлүүлдэг, түүнийхээ үр шимээр амьдардаг орчин бүрдэв. Эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад Үнэт цаасны зах зээлийн, Ипотекийн, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт олон хууль, тогтоомжийг гараас гаргасан.
Оюутолгой, Тавантолгойн гэрээг сайжруулах зэрэгтэй холбоотойгоор төлөвлөсөн орлого тасалдсан. Тиймээс УИХ, шинэчлэлийн Засгийн газар хамтраад зөв шийдвэр, бодлого гаргаж хэрэгж үүлж чадлаа. Сүүлийн хагас жилд ч эдийн засгийн нөхцөл хүндхэн байгааг тооцож ажиллана. Эхлүүлсэн олон ажлаа үргэлжлүүлэх, чанарт нь хяналт тавих хэрэгтэй байна. Хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх хэд хэдэн хуулийг баталсан. Намрын чуулганаар Процессын тухай хуулийг баталчихвал Монгол Улс энэ салбарт хөгжлийн шинэ гараандаа ороход бэлэн болно. Энэ чуулганаар хүмүүсийн төдийлэн анзаараагүй Гэрээ хэлэлцээрийн тухай чухал хуулийг баталсан. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрт л гэхэд Японтой хамтарч техник, технологийн шинэчлэл хийх нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.
Намрын чуулганаар Газрын тухай багц, Сонгуулийн нэгдсэн хуулийн, Олуулаа болох, Тендерийн тухай гэх мэт олон чухал төслийг хэлэлцэн батлах учир ачаалал их байна хэмээн тооцож байгаа аж. Тиймээс Ажлын хэсгүүд чуулганы завсарлагаанаар ч ажиллах болно гэлээ.
С.УУЛ