Эрүүл мэндийн сайд Н.Удвал ажилдаа орж, энэ салбар бужигнаж эхэллээ. Яамны харьяа зургаан эрүүл мэндийн
үндэсний төвийн захирлыг сонгон шалгаруулахаар бүртгэж, сонгон шалгаруулалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар болов. Эмнэлгүүдийн захирлын сонгон шалгаруулалтыг өчигдөр зохион байгуулахаар товлоод байсан ч Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Оюунцэцэг болон гишүүд нь сонгуульт ажлаасаа татгалзсанаар сонгон шалгаруулалтыг хойшлуулжээ. Одоо Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төвийг үүрэг гүйцэтгэгч удирдаж байна.
Эдгээр эмнэлгийн шинэ захирал сонгон шалгаруулалтаар тодорно гэсэн үг. Н.Удвал сайд өөрийн намын нөхөр, яаманд зөвлөхөөр нь ажиллаж байсан гавьяат эмч Л.Жамбалжавыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар томилоод хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэрбээр тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн ч Төрийн албаны зөвлөлөөс төрийн үйлчилгээний удирдах албан тушаал хаших хуулийн хугацаа хэтэрснийг албан ёсоор анхааруулжээ. Л.Жамбалжав нь өндөр насны тэтгэврээ тогтоолгон тэтгэвэр авч байгаа юм. Энэ хүн удирдах албан тушаалд томилогдсоноор Хөдөлмөрийн тухай хуулийн 40-ийн нэгийн гуравдугаарт ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсэн заалтыг зөрчиж байна. Түүнийг төрийн удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэснийг хүчингүй болгохыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд үүрэг болгожээ. Гэсэн ч Л.Жамбалжав намын хамтран зүтгэгч нь сайд болсонд эрдэж, “Миний төрийн алба хаших эрхийг боомилж байна” хэмээн хэл ам татлах болов. Хуулиас дээгүүр эрх ашиг түүнд бий гэж үү.
Н.Удвал сайд “Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байх ёстой” гэсэн ч хэлсэндээ хүрэхгүй байна. Түүний томилсон Л.Жамбалжав дарга тэтгэврийн насанд хүрсний дээр Хан-Уул дүүргийн МАХНын Мянгатын дарга. Тэр эмнэлэгт намын гишүүний арга барилаар ажиллаж буй нь энэ хамт олны дургүйцлийг төрүүлэх болжээ. Эмч, сувилагчдаа хардаж сэрдэж, талцуулан бужигнуулж “Энэ эмнэлэгт хэн, юу ярьж байгааг би мэднэ” хэмээн сүрдүүлж, ачаалал ихтэй ажилладаг эмнэлгийн хамт олны уур амьсгалыг эвдэж байна. Эмч нарын хурлаар хүнд гэмтэлтэй ямар хүн байгаа, түүнд ямар эмчилгээ, мэс засал хийх талаар зөвлөлд өхийн оронд Эрүүл мэндийн яам, улс төрийн намынхаа бодлогыг ярих зэргээр гэмтлийн эмнэлгийг МАХН-ынхаа байртай андуурч байна. Тусгай үйлчилгээтэй, улсын хамгийн ачаалал ихтэй эмнэлэг, хөдөлмөрч хамт олны дунд улс төрийн намын дарангуйлал тогтоож байгаа нь Н.Удвал сайдын захиалга уу. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сэргэж байна.
Н.Удвал сайд ч салбартаа эмэгтэйчүүдийг удирдах албан тушаалд томилох сонирхолтойг нь буруутгах аргагүй. Улсын гуравдугаар эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад ялагдсан, “Ачтан Элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Энхбаяр хэмээх бүсгүй одоо гэмтлийн эмнэлгийн захирлын албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хавдар судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцээгүй А.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдлоо. Нэг эмнэлэгт тэнцээгүй ч нөгөө эмнэлгийн даргын сэнтийд суухаар санаархах бүсгүйчүүд сайдынхаа татаасаар дэгдээд байна уу.
Э.Оргил