Жил бүр Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд Монгол цэргийн парад Сүхбаатарын талбайд сүр жавхлантай болдог уламжлалтай. 2010 оноос энэ үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэн “Монголын Төрийн далбааны өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан гурав дахь жилтэйгээ золгож буй.
Энэ жилийн парад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой давхцаж буйгаараа онцлог. Хамгийн гол нь олон арван жилийн турш хийж ирсэн цэргийн парадын уламжлалыг энэ жил хэн нэгний санаачилгаар эвдэж буй бололтой. Тухайлбал, аливаа цэргийн парадыг бараг бүх оронд Батлан хамгаалахын сайд нь хүлээж авдаг олон улсын жишиг бий. Дараа нь Батлан хамгаалахын сайд нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч буюу улсынхаа Ерөнхийлөгчид илтгэл өгснөөрөө цэргийн парад илүү утга учиртай, “Ёс ёмбогор, төр төмбөгөр” байхын илэрхийлэл болдог. Тиймдээ ч өмнөх хоёр жилд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Л.Болд, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчид илтгэл өгч байсан билээ. Энэ нь тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн эрхт байдлын баталгаа болсон цэрэг, арми, Батлан хамгаалах салбарын сүр хүч, олон түмний хүндэтгэлийн илэрхийлэл болдог учиртай.
Харин цэргийн хүрээний захирагч нь шууд Ерөнхий командлагчид илтгэл өгдөг ёсон Төрийн парадын үеэр БНХАУ-аас өөр хаана ч байдаггүй. Харин өмнөд хөршид аравдугаар сарын 1-нд болдог цэргийн сүрт жагсаалын үеэр БНХАУ-ын дарга нь хүлээн авч, цэргүүдийнхээ өмнө очиж мэндчилдэг юм билээ. Энэ нь цэрэг дайны холбогдолтой ямар нэг ажиллагаа гарвал цэргийн хүрээний захирагч нь сайдаа алгасаад бүх цэргийн командлагчтай харилцаж, асуудлыг шийдэж байгаатай агаар нэгэн болох буюу.
Юм шинэчлэгдэнэ гэхэд энэ удаа арай ч дэндэж байх шиг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржид тал засагчдын санаачилж буй энэ шинэчлэл монголчуудад сайхан санагдахгүй байгааг Ерөнхийлөгч маань өөрөө мэддэг л байгаа даа.