Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор УИХ-ын гишүүдэд ч бас шагналын хур буужээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг өчигдөр одон медалиар шагнажээ. УИХ-ын дарга З.Энхболд шагналыг гардуулж өгсөн байна. УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Д.Батцогт, Г.Уянга нарыг Алтан гадас одонгоор, З.Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.
.jpg)
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар соёлын өв болох Тарбозавр Батаарыг эх орондоо авчрахад баг бүрдүүлэн амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарыг “Т.Батаар” хүндэт өргөмжлөлөөр шагнасан аж. Шагнал авсан гишүүдэд ангийн нөхөд нь чуулганы хуралдаан дээр баяр хүргэж байлаа. Түүнчлэн энэ өдөр Төрийн тэргүүн УИХ-ын гишүүн Н.Энхболдод Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав нарт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг тус тус олгосон байна.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дээрх хүмүүст уг цолыг хүртээж Алтан, Мөнгөн гэрэгэ энгэрийн тэмдэг гардуулсан байна.