-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа-
Үндэсний их баяр наадам маргааш болно. Гэтэл баяр наадмын босгон дээр УИХ дотор нэгэн хэрэг мандав. Баяр наадамтай холбоотой сурталчилгааны самбар, урилга, албан бичгүүд дээрээс “Ардын хувьсгалын 92 жилийн ой” гэдэг үг гээгдчихжээ. МАН-ынхан үүнд ихэд эмзэглэж, алдагдсан ойн баярын эрэлд гарсан юм. 91 жилийн турш бид долдугаар сарын 11, 12-нд Ардын хувьсгалын ойн баярыг тэмдэглэж, тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсоныг эргэн санасаар ирсэн. Гэтэл эрх баригчид санаатайгаар ийм үйлдэл хийлээ хэмээн МАНынхан үзэж буй юм. Мөн тэд “Энэ бол зөвхөн МАН-ын биш, Монголын ард түмний хэрэг. Тусгаар тогтнолоос үнэ цэнэтэй зүйл байхгүй атал АН түүхийг гуйвуулах гэж оролдож байна” хэмээн шүүмжилсэн. Ардын хувьсгал гэдэг үгнээс яагаад айж, тусгаар тогтнолоосоо жийрхээд байгааг асууж, ард нь ямар нэг зорилго, харийнхны санаа байна хэмээн хардав.
УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэх чуулганаас завсарлага авч хуралдахдаа энэ асуудлын учрыг тодруулжээ. Үндэсний их баяр наадмыг зо хион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва бүхнийг зүй ёсоор нь бичээд явуулсан ч Төрийн ёслолын албаны дарга “Ардын хувьсгалын ой” гэдгийг хасаж орхисон аж. Түүнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас чиглэл өгсөн гэжээ. Ингээд үдээс хойш чуулган үргэлжлэн хуралдав. Гишүүд хориг гэхээсээ илүү дээрх асуудлыг хөндсөн юм. Ц.Нямдорж гишүүн “Нийтээр тэмдэглэх баяр наадмын болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам бол тусгаар тогтнолын бэлгэдэл” гэж заасан. Гэтэл эрх баригчид Ардын хувьсгал гэдэг үгийг санаатай хасаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг төрөөр нь устгуулах ажил хийж байна. Тусгаар тогтнолыг нь үгүй болгож байгаа юм бол наадмаар ч яадаг юм. Одоо Сүхбаатарын хөшөөг буулгаад өгч үз. Гамин, Барон, Коминтернийг сүнс эргэн ирж байна.
Тусгаар тогтнолыг үгүйсгэх бодлогыг та нар олон жил явуулж байгаа. Хэрэв уг асуудалд Ерөнхийлөгч оролцоогүй нь үнэн юм бол Төрийн ёслолын албаны дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарт хариуцлага тооцож, зайлуул. Монгол Улсын тусгаар тогтнолыг далдуур устгах гэсэн бүхэнтэй ясаа цайтал тэмцэнэ” гэсэн юм. Гишүүн Ө.Энхтүвшин “Ерөнхийлөгч “Монгол Улсад хуулийн засаглал тогтлоо” гэсэн. Гэвч даргын засаглал тогтжээ гээд, шөнөдөө багтаан сурталчилгааны самбар, албан бичгүүдийг өөрчилж, ардын хувьсгалын 92 жилийн ой хэмээн нэмж бичихийг шаардсан юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бүлэг дээр энэ тухай огт яриагүй. Бид наадмын комиссын ажилд оролцоогүй. Ерөнхийлөгч оролцсон гээд байгаа бол баталгаагаа гарга. Бүх хувьсгал чухал, эерэг, сөрөг нөлөөтэй байсан. Бид эвтэй байх ёстой атал наад яриа чинь нийгмийг хагаралдуулна” гэлээ.
УИХ-ын 76 гишүүн ухаантай байж болох ч Монгол Улсын түүхийг шүүхгүй гэдгийг Я.Содбаатар сануулсан. Монголын төр 1946-1990 онд түүхээ нэг удаа түүхийрүүлсэн, энэ алдааг одоо бүү давтаач хэмээн Д.Лүндээжанцан гуйв. Су.Батболд гишүүн “Би наадмын комиссын дарга байж үзсэн. Тэр үед л Ардын хувьсгал гэдэг үгээс зайлсхийх оролдлого гардаг байсан. Түүхээ баллуурдаж, шинийг бичиж болохгүй. Энэ чинь ард түмнээ, тусгаар тогтнолоо доромжилж буй хэрэг. Арай хэтэрч байна. Та нар дандаа эрх баригч байхгүй” хэмээн хэллээ.
Ийм яриа болсны эцэст Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг олонхийн саналаар хүлээн авч, хуулийг хүчингүйд тооцсон тогтоолыг баталлаа.
С.ТУУЛ