Өнөөдөр УИХ-ын чуулганы танхим Сүхбаатарын талбай руу “нүүж”, УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан олны нүдэн дээр ил, гадаа болно. Энэ үеэр Монгол Улсын Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж тангараг өргөж, ард түмэндээ хандан үг хэлнэ. Урьд өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг гадаа зохион байгуулж байсан түүх үгүй бөгөөд ингэж сүр дуулиан ч болж байсан удаагүй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхим дахь индрээс үгээ хэлж, тамгаа гардаж аваад л ёсолчихдог байсан бол өнөө жил Сүхбаатарын талбайг танихгүй болтол нь “тохижуулаад” зогсохгүй, хоёр том лэд дэлгэц байрлуулж, цэргийн парад хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн 1000 хүүхэд бий биелж, цамын багт бүжиг гарч, үндэсний үлээвэр найрал хөгжимчдийн тоглолт болно. Мөн өмнөхөөс ялгаатай нь АНУ, ОХУ, БНХАУ, Герман, Франц зэрэг орны төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, дотоод гадаадын 250 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл уг үйл ажиллагааг сурвалжлах гэнэ. Ингэж нөр их ажил оволзуулж, хөрөнгө зарах хэрэг байсан юм уу хэмээн зарим хүн дургүйцэж байгаа сураг дуулдана.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 2009 онд 230 сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил хоёр дахин их буюу 400 сая төгрөг төсөвлөсөн нь дээрх нүсэр зохион байгуулалтын ажилтай шууд холбоотой. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан олон арга хэмжээг нэг дор бөөндсөн, харин ч төсөв маш сайн хэмнэсэн ёслол болж байгаа хэмээн хэнэг ч үгүй мэдэгдэж байна. Нэгэнт ард түмэн сонгоод, Төрийн тэргүүнээр залсан нь үнэн атал заавал хагас тэрбум шахам төгрөг салхинд хийсгэж, шоудах хэрэг байсан уу.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Обамаг дуурайх дуртай. Сая болж өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны өнгө аяс ч тийм байсан. Тэгвэл тангараг өргөх үйл ажиллагааг ч гэсэн Обамаг дуурайж хийж буй бололтой. Обамагийн тангараг өргөх ёслолыг Цагаан ордны гадаа, тусгайлан зассан талбайд зохион байгуулж, 700 гаруй мянган хүн үзсэн. Гэхдээ АНУ, Монгол Улс хоёрт зэрэг зиндаа, эдийн засаг, хүн амын тоо гээд ялгаа их бий. Зөвийг нь дуурайх нь мэдээж чухал. Гэхдээ зарим зүйл дээр зөрөөгөө анзаарч байх ч бас хэрэгтэй болов уу. Наадмын өмнөх наадам буюу “Ерөнхийлөгчийн наадам” ямархуу болохыг харъя даа.
Г.Гэрэл