“Казань-2013” оюутны “олимп”-оос монголчууд 18 медаль хүртээд байна. Аваргын титэмд Б.Сугаржаргал (бүстэй бөх), Х.Энхдэлгэр (бокс), С.Батцэцэг нар хүрсэн бол Б.Жанчивдорж (жүдо), Д.Анар (бүстэй бөх), урт бууч бүсг үйч үүд багаараа мөнгөн медаль хүртэж, шагналын тавцангийн гуравдугаарт 12 тамирчин зогсоод байна. Татарстанд цугларсан монголчуудын оролцож буй тэмцээний тойм, ярилцлагууд болон эргэн тойрны мэдээллүүдийг хүргэе.
Боксчид амжилтын хур буулгав
Манай залуу боксчин Х.Энхдэлгэрийг Универсиадаас төрсөн од хэмээн дэлхий нийтээр зүй ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Казаньд ирсэн Монголын ширэн бээлийтнүүдээс хамгийн залуу нь болох энэ хүү Казахстаны Олжас Саттибаевийг 3:0, Тажикстаны Эсрор Вохидовыг 2:1, Узбекистаны Жасурбек Латиповыг 2:0-ээр хожиж, аваргын төлөө тоглохоор болсон. Түүнийг оюутны “олимп”- ийг зохион байгуулагч орны нэрт боксчин, жиндээ улсдаа тэргүүлдэг, “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Миша Алоян хүлээж байлаа. Хэдийгээр тэр манай тамирчнаас туршлага илүүтэйн зэрэгцээ балиашгуудын уухайнд бялуурсан ч ур чадвараараа илүүрхэж амжсангүй. Дэвжээнд Миша өөртөө бат итгэлтэй гарч ирсэн. Оросууд уулгалан дэмжиж, “Миша, Миша цохиод өг” хэмээн хашгирсаар. Тэгвэл манай Энхдэлгэрийн гол зорилго хамаг хүч чадлаа дайчлан тоглох л байлаа. Эхний үед эзэн орны тамирчин илүүрхлээ. Лондоны олимпод Төгсцогтын хүнд нударганы амтыг мэдэрсэн, бас томоохон тэмцээнүүдэд түүнд ялагдаад буцсан энэ эр Универсиадад монголчуудаас хариугаа хатуухан авахаар зэхсэн нь мэдээж. Оросын сэтгүүлчид “Энэ монгол хожигдоно. Нөгөө айхавтар (Төгсцогт) нь ирээгүй юм чинь ялна” гэсэн үг чулуудах нь чих дэлссэн. Гэвч Энхдэлгэр хоёрдугаар үед тун давшин тоглож, Мишаг оновчтой цохилтоор дайрч гарлаа. Шийдвэрлэх үед яс сайт яван чангардгийн үлгэр биелж, манай боксчны угсарсан оновчтой цохилтуудыг тэр дийлээгүй юм. Ийнхүү 2:1- ээр монгол залуу ялалт байгууллаа. Шагналын тавцанд зогсож байхдаа Миша харууслын нулимс унагаж харагдсан. Ийнхүү Энхдэлгэр өрсөлдөгчөө нутгийнх нь дэвжээ, үзэгчдийн уухайтай нь хожлоо. Казанийн Универсиадаас боксчид аварга цолтон, мөнгөтэй дүйцэх таван хүрэл медальтай буцав. Хөтөлбөрт нь анх удаа бокс багтсан 2013 оны Универсиад монголчуудынх болсон гэхэд хилсдэхгүй. 56 кг-д өрсөлдсөн Э.Идэрхүү Тайландын Танават Петхумыг 2:1, Болгарын Стефан Ивановыг 3:0-ээр хожсон ч Казахстаны Рустам Рустамовт хожигдон хүрэл медаль хүртсэн. Г.Ган-Эрдэнэ Ботстваны Лекето Мукециг 3:0, Украины Денис Козарукийг 3:0-ээр хожиж, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Украины Хасанбоу Дусматовт 0:3-аар дийлдсэн билээ. Украин эр цаашид БНСУын боксчныг дийлж аваргын титэм хүртэв. 64 кг-д хүч сорьсон З.Энхзориг Латвийн Артур Ахметовсыг ялсан ч Молдавын тамирчин, Европын аварга Дмитрий Галаготод 1:2-оор дийлдсэн нь харамсалтай. 60 кг-д Д.Отгондалай Тайландын Кулсри Атичатыг, Украины Дмитро Руденког тус тус ялж, Узбекистаны Фазлиддин Гаибназаровт ялагдан тэмцээнээ дуусгасан. 69 кг-д Б.Түвшинбат Молдавын Василий Белоусыг 3:0, Тажикстаны Назири Пиракиг 3:0- ээр ялаад Узбекистаны Хуршидбек Норматовтой мөнгөн медалийн төлөө тоглосон. Тэрбээр өрсөлдөгчөөсөө илүү байсан ч шүүгчид эсрэг талд оноо өгч байлаа. Байдал энэ хэвээр үргэлжилсээр Түвшинбат шүүгчдийн саналаар (2:1) ялагдсан нь харамсалтай. Н.Шинэбаяр 75 кг-д БНСУ-ын Жайминь Жеоныг 2:1, Тажикстаны Собирзон Назаровыг 3:0-ээр ялж, Украины Дмитро Мятрофановт ялагдсан билээ.
Х.Энхдэлгэр: Мишагийн хөгжөөн дэмжигчид маш сүртэй санагдсан
.jpg)
Универсиадын аварга Энхдэлгэртэй ярилцлаа.
-Универсиадаас алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Аварга болсондоо туйлын баяртай байна. Хүчтэй тамирчидтай тоглож, алтан медаль зүүлээ.
-ОХУ-ын шилдэг боксчин Мишатай тоглохын өмнө ямар бодол төрсөн бэ? Хөгжөөн дэмжигчид түүний нэрийг дуудан хашгирч байсан...
-Хүн өөртөө итгэхгүй бол ялагдах нь тодорхой. Тиймээс угаасаа ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Дэвжээнд гарч ирэхэд оросууд шуугилдан, өрсөлШилдэг дөгчийн нэрийг дуудан дэмжихийг сонсоход эвгүй санагдсаныг нуухгүй. Маш сүртэй байсан. Гэхдээ л би өөрийгөө зоригжуулсан. -Эхний үе нэлээн хэцүү өнгөрсөн...
-Тийм ээ. Тоглолтыг нь сайн мэдэхгүй болохоор хэцүү байлаа. Харин хоёрдугаар үеэс өөрийнхөө тактикийг боловсруулан тоглосон. Давшиж орж ирдэг юм билээ, Миша. Ухасхийхэд нь угтуулж ажиллах хэрэгтэй. Бас зугтдаг. Өөрөөс нь түрүүлж ажиллах хамгийн чухал байлаа.
-Эцсийн шийдийг хүлээх үед сэтгэл тань ямар байсан бол?
-Мэдээж догдолсон. Шүүгчид улааныг өргөхөд яагаад ч юм итгэж өгөхгүй дахин дахин нягтлан харсан шүү. Гэхдээ би өөрийгөө мэдэрч тоглосны хүчинд ялалт байгуулсан. Алтан медалиа авчихаад тугаа мандуулан гүйх хамгийн сайхан байлаа.
-Универсиадын өмнө Кубад болсон тэмцээн үүдэд оролцсон нь ач тусаа өгсөн биз?
-Би Универсиадын өмнөх тэмцээнд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гурав дахийг нь алт болгоно гэж бодсон юм. Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Тэр боксоор хичээллээд гурван жилийн нүүр үзэж буй. Найз нь Энхдэлгэрийг “уруу татаж” тамирчин болох замыг нь заажээ. Анх Гантулга багштайгаа уулзахад “Чамайг авахгүй” гэж айлгаснаа “хувцсаа аваад даваа гаригт хүрээд ир” гэсэн гэдэг. Хоёр сарын дараа анхны тэмцээнд оролцов. Боксын бээлий өмсөөд дэвжээнд гарахыг тэсгэлгүй мөрөөдөж байсан хүү алтан медалиар амжилтын гараагаа эхэлсэн. Одоо түүний зорилго эхнээсээ биелж байна. Нийслэлийн 79 дүгээр дунд сургууль төгссөн тэрбээр одоо БХИС-д суралцдаг.
Бүстэй бөхчүүдийн амжилт арвин байлаа
Бүстэй барилдааны төрөлд Б.Сугаржаргал, Д.Анар нар хамгийн түрүүнд алт, мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл эмэгтэйчүүдийн 66 кг-д С.Энхчимэг гуравдугаар байр эзэлж, медалийн тоог нэмсэн. Энэ жинд медаль хүртсэн тамирчдын шагналыг Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан гардуулсан юм. Мөн Д.Мөнхтуяа хүрэл медалийн болзол хангасан. Тэгвэл бүстэй барилдааны сонгомол төрөлд Б.Сугаржаргал, М.Отгон-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаав. Сугараагийн хувьд өрсөлдөгчөөсөө илүү байсан ч шүүгчдийн зохисгүй шүүлтээр ийн хүрэл дээр буужээ.
Б.Ачитбилэг дээд амжилт бөөндөв
100 метрт хурд сорьсон манай ойрын зайн гүйгч Б.Ачитбилэг 10.71 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг 27 жилийн дараа шинэчилсэн юм. 1986 онд өдгөө Спортын Бэлтгэлийн төвийн дэд даргын алба хашиж буй Ц.Одонбаяр 10.76 үзүүлэлтээр улсын рекорд тогтоосон нь удаан жил ноёрхсон юм. Яг тэр жил Ачитбилэг төрсөн аж. Өнөөдөр Монголын хурдан хүн 200 метрт улсын рекордыг 21.58 үзүүлэлтээр мөн л эвдсэн. Тэрбээр 2011 онд Японы Осака хотноо уралдахдаа дээрх зайг 21.82 минутад туулж байжээ. Ийнхүү тэр ойрын зайд хоёуланд нь Монголын рекордын цагийг түлхлээ. Универсиад наадмын эрэгтэйчүүдийн хагас марафон гүйлтийн тэмцээнд 43 тамирчин хурд сорив. Нар шарахаас өмнө буюу өглөө эрт тэмцээн эхэлсэн юм. Мэдээж Африкийн “хүн гөрөөснүүд” өрсөлдөгчдөө илүүрхэж байсан. Азиас япончууд тэргүүн байрын төлөө ширүүхэн өрсөлдлөө. Оролцогчдын дунд манай хоёр гүйгч байлаа. Цэвээнравдангийн Бямбажав уралдаан эхэлсний дараа толгой группт явж байв. Эхний таван км-т 18-д орж ирсэн түүнийг цаашид хүч, хурдаа нөөх хэрэгтэйг дасгалжуулагч нь анхааруулж байлаа. Гэвч халуун тивийн “хүн гөрөөснүүд” тойргоос тойрогт хурдалсаар... Аваргын төлөөх өрсөлдөөн ӨАБНУын Гладвин Мзази, Степан Мокока нарын хооронд өрнөж, 1:00.37 үзүүлэлтээр Мзази илүүрхсэн юм. Манай гүйгч Д.Гантулга 1:09.56 амжилтаар 29 дүгээр байр эзэлжээ. Ц.Бямбажав тодорхой шалтгааны улмаас уралдааны замыг орхисон. 1500 м-т нэгдүгээр гараанд 13 гүйгч хурд сориход Ч.Шинэцэцэг (4:36.50) ардаа хоёр тамирчинтай ирэв. 5000 м-т гараанаас 18 гүйгч гарахад манай бүсгүй 17.25,02 үзүүлэлтээр есөд жагссан.
Б.Жанчивдоржийн мөнгөн медаль жүдочдын нүүрийг тахлав
.jpg)
Улсын баяр наадмын дараа болох “Чингис хаан” Гранпри Универсиадтай давхцсан тул Монголын жүдо бөхийн холбоо шигшээ багийн шилдэг тамирчдаа авч үлдэн, залуу бөхчүүдээ Казань руу явуулсан билээ. Харин бусад орон оюутны “олимп”-од өндөр ач холбогдол өгч, олимп, дэлхий, тивийн аваргуудаа хойд хөршид олноор нь оролцуулсан юм. Универсиадад оролцогч манай жүдочдоос хамгийн туршлагатай нь Д.Амартүвшин, Б.Жанчивдорж тэргүүтэй цагаан өмсгөлтнүүд байсан. Харин охидоос М.Ууганжаргал тэргүүтэй өсөж яваа бөхчүүд сайн барилдсан. 78 кг-д хүч сорьсон тэрбээр хүрэл медалийн төлөө барилдаж, улмаар БНСУ-ын бөхөд дийлдсэн билээ. Ууганжаргал улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн охин бөг өөд Японд суралцдаг аж. Тэгвэл эрэгтэйч үүдийн 90 кг-д хүч сорьсон Б.Жанчивдорж Египет, ӨАБНУ, Итали, Чехийн бөхчүүдийг ялаад аваргын төлөөх тулаанд БНСУ-ын Дон Хан Гвакт дийлдэж мөнгөн медаль зүүсэн билээ. Энэ нь түүний медалиудын дотроос чансаагаараа хүндтэй байр эзлэх шагнал юм. Д.Амартүвшингийн хувьд 60 кг-д Азербайжан, АНУ-ын бөхчүүдийг төвөггүйхэн ялсан ч Швейцарийн М.Итенийг ялж чадсангүй. Тийм боловч Гүрж, Казахстаны бөхчүүдийг буулган авч, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУын Ким Вон Жинд ялагдсан нь харамсалтай. Монголчуудын хувьд Универсиадаас жүдо бөхөөр хамгийн сүүлд М.Бундмаа алтан медаль хүртсэн түүхтэй.
Б.Оргилсайхан үүргээ биелүүллээ
Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 69 кг-д залуу туйванч Б.Оргилсайхан “Б” хэсэгт өрсөлдлөө. Тэрбээр огцом болон түлхэлттэй өргөлтийн нийлбэрээр 250 кг-ын ард гарснаар хэсэгтээ гуравдугаар байр эзэлж, спортын мастерын болзол хангасан байна. 2008 оноос хойш хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн дундаас спортын мастер төрөөгүй билээ.
19-тэй охин шилдэг гуравт багтав
Хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 м-ийн дасгалд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар эх орноо төлөөлөн өрсөлдлөө. 61 орны тамирчид онч сорьсон тус тэмцээнд залуу тамирчин Г.Нандинзаяа 414,1 оноогоор шилдэг наймд шалгарсан юм. О.Янжинлхам 413,2 оноогоор 11, Ч.Нарантуяа 413 оноогоор 13 дугаар байр эзэлж, багийн дүнгээр манайхан мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү урт буучид Оросын багийн ард, нанхиад бүсгүйчүүдийн өмнө орсон юм. Өмнөд хөршийн багт олимп, ДАШТ-д тогтмол өндөр амжилт гаргадаг хур туршлагатай Ли Пэйжин, Юү Дань нар багтсаныг онцолъё. Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-т манай баг есдүгээр байрт (1113) шалгарсан бөгөөд Т.Баярцэцэг 11 (379), Г.Хэрлэнцэцэг 32 (372), Ө.Өлзийням 49 (362) дүгээр байрт эзэллээ. Шигшээ буудлагад шалгарсан 19 настай Г.Нандинзаяа хүрэл медалиар энгэрээ мялаасан нь том амжилт. Олон улсын буудлагын холбооны шинэчилсэн дүрмээр шилдэг наймд шалгарсан тамирчдаас хэн бага оноо авсан нь хамгийн түрүүнд хасагдах учиртай. Уг нь манай буудагч энэхүү тулааны эхний шатанд өрсөлдөгчдөө тэргүүлж явсан. Бага оноо авсан тамирчид үзэгчдийн суудалд шилжсээр. Гэвч Нандинзаяа нэг буудлагад ес гаргаж буудсанаар тэргүүлэгчийн байраа алдахад хүрсэн юм. Цаашид энэ алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал байлаа. Онч мэргэн нь шигшигдэн үлдсээр манай урт бууч охин шилдэг гуравт багтсан юм. Ийнхүү тэрбээр 183.9 оноогоор шагналын тавцангийн гуравдугаарт зогслоо. Германы Марен Предигер 206.4, БНХАУ-ын Юү Дань 205.1 оноогоор түүний өмнө орсон юм. Гар буучдын үндсэн дасгал спорт гар бууны 25 метр байдаг. Гэвч хөндлөнгийн шалтгааны улмаас манай тамирчид энэ төрөлд өрсөлдөж чадаагүй нь харамсалтай.
Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ
Чөлөөт бөхийн 66 кг-ын жинд Г.Мандахнаран Казахстаны Самат Омаровыг 4:1, Германы Саба Жавад Болахиг 4:0-ээр хожин, дараагийн даваанд ОХУ-ын бөх Магомед Курбаналиевт 4:0-ээр хожигдсон юм. Энэ бөх 2013 оны чөлөөт бөхийн бүх Оросын АШТ-д түрүүлсэн, олонд танигдаж байгаа нэгэн билээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд манай тамирчин Азербайжаны А.Мустафаевтай учраа таарсан. Өрсөлдөгчийнхөө хөлд нь орж, улмаар шахаж эргүүлэн оноо авсан Мандахнаран хоёрдугаар үед өрсөлдөгчдөө нэг оноо алдсан ч цаашид хянамгай барилдан, гуравдугаар байр эзэллээ. 74 кг-д Д.Гомбодорж Беларусийн Андрей Касмяниныг 3:0, Казахстаны Нурлан Бехзановыг 3:1, Тажикстаны Сомиршл Вохидовыг 3:1-ээр ялсан ч Оросын алдарт бөх Денис Царгушт 4:0-ээр дийлдэв. Хүрэл медалийн төлөө тэрбээр АНУ-ын Давид Тэйлортой хүч сорьж, 3:1-ээр хожигджээ. Харин 96 кг-д зодоглосон Д.Хүдэрбулга Оросын бөх Абдусалам Гадисовт 0:4-өөр хожигдон, гараагаа тааруу эхэлсэн боловч дагах барилдаанд Беларусийн Иван Янкоускийг 3:0, гуравдугаар байрын төлөө Азербайжаны Газил Шариповыг 4:0- ээр ялан хүрэл медалийн эзэн болов.