УИХ-ын чуулган завсарлаж, УИХ-ын байнгын хороод 2013 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж эхэллээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны хийсэн ажлыг тайлагнав. Тус Байнгын хороо 13 удаа, Байнгын хорооны ажлын хэсгүүд 30 орчим удаа хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацаанд 40 гаруй асуудал хэлэлцэж, 20 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн, УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Тус Байнгын хороо Дорнод аймгийн газрын тосны орд газрууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, арга хэмжээний явц байдал болон холбогдох бусад хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, хүсэлтийг үйл ажиллагааныхаа бодлого чиглэлд тусгаж ажиллахыг холбогдох яам, газруудад чиглэл болгосон байна. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага гаргаж, Үнэт цаасны зах зээл (Шинэчилсэн найруулга)-ийн тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан уг хуулийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан аж. Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 196 албан бичиг, 71 өргөдөл, гомдол (нийтдээ 355 хуудас) ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлсэн гэнэ.