“Transparency International” олон улсын ашгийн бус байгууллага дэлхийн 107 оронд авлигын тухай олон нийтийн санал асуулга явуулж, түүндээ үндэслэн улс орнуудыг эрэмбэлжээ. Эл жагсаалтыг Либери улс тэргүүлсэн бол маш бага хувийн зөрүүгээр манай улс хоёрдугаарт жагссан байна. Харин Венесуэл, Зимбабве, Мексик улс айргийн тавд багтаж, хойд хөрш ОХУ долдугаарт бичигджээ. Судалгаанд хамрагдсан монголчуудын тэн хагас нь авлига сүүлийн хоёр жилд асар их нэмэгдсэн гэж хариулсан бол хээл хахууль төрийн албанд үүрлэсэн гэж 77 хувь нь үзсэн байна. Түүнчлэн цагдаа, хууль хяналтын байгууллага ч авлигад гүнзгий идэгдсэн хэмээн 66 хувь нь хариулж, авлига улс орны хөгжилд нөлөөлөхүйц ноцтой асуудал болоод байгааг судалгаанд оролцогчдын 86 хувь нь тодотгожээ. Дэлхийн буурай хөгжилтэй орнуудад авлига асар хурдан газар авдгийг “USA Today” уламжилжээ. Тиймдээ ч авлигаар тэргүүлсэн орнуудын жагсаалтад нь нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд толгой цохидог 50 орны нэг нь ч багтаагүй болохыг тэмдэглэсэн байв. Авлига хамгийн ихтэй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн Либери улсын нэг хүнд ногдох ДНБ 673 ам.доллар бол 2012 оны байдлаар манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5372 ам.доллар байжээ.
Б.ЦЭЦЭГ