Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Хяналт, ёс зүйн дэд хорооны дарга Д.Шонхоо, Мянгатын дарга Ч.Азар нар өчигдөр мэдээлэл хийж “МАХН-ын дээд удирдлага буюу МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Г.Бямбасүрэн нар 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш дунд шатны намын байгууллагын ажилд оролцож, жирийн гишүүдээ нэг нэгээр нь хэлмэгдүүлдэг боллоо. Тэд МАХН шударга ажиллаж чадахгүйд хүрч, намын дүрмийг алхам бүрт зөрчин, хууль ёсыг сахиулах биш ойлгомжгүй, тогтворгүй байдал үүсгэн, намыг хагалган бутаргах ажиллагаа явуулж байна” хэмээн мэдэгдэв. Энэ эвдрэлийн дүнд Сонгинохайрхан дүүргийн МАХН дотроо хоёр хуваагдан нэг нь дүүргийн МАХН-ын хороо, нөгөө нь Мянгатын хороо нэртэй ажиллах болсон гэнэ. Тус дүүргийн Мянгатын хорооны дарга Ч.Мөнгөнчимэг нь Сонгинохайрханы АН-ын дарга Г.Эрхэмбаяртай тохирч 10 орчим хүнийг ажилтай болгох талаар ярилцсаныг намын удирдлагууд нь ёс зүйд нийцэхгүй асуудал хэмээн үзэн ажлаас нь халж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч байх эрхийг хасуулсан аж. Д.Тэрбишдагва нь 2012 оны Орон нутгийн сонгуулийн өмнө “МАХН хамтарсан Засгийн газраас гарна” хэмээн мэдэгдсэн нь намын гишүүдийн авах саналд нөлөөлсөн. Намын гүйцэтгэх зөвлөл нь ирээдүйтэй боловсон хүчин У.Барсболдыг намын дүрэмд байхгүй шийдвэрийг үндэслэн намаас хөөсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Н.Удвалын сурталчилгааны хаалт болохоос нэг хоногийн өмнө сонгуулийн кампанит ажлаа өгнө гэж намынхнаа гайхашруулсан. Сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллаж байсан МАХН-ын ажиглагчдыг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, намын үйл ажиллагааг сулруулж, шударга бус шийдвэр гаргах болсон. Тиймээс намын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох ёстой” гэлээ.