БНСУ-ын Үндэсний ассамблейн Гадаад бодлого, нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хунг Жунг манай улсад айлчилж буй. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр түүнийг хүлээн авч, тус улсад ажиллаж буй 30 гаруй мянган монгол иргэдийн талаар болон БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хууль бусаар БНСУ-д нэвтэрч, дахин зорчих эрхээ хязгаарлуулсан иргэдийн асуудлыг нааштай шийдэх тухай хөндөн ярилцсан байна. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг цаашид идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн үндэс суурийг бэхжүүлэх тухай ярилцжээ. УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр “Монгол Улсын бүс нутаг дахь хамгийн ойрын түнш БНСУ уул уурхай, дэд бүтцийн салбарт өрнөж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж, техник технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Ан Хунг Жунг БНСУ-ын тал Монгол Улсаас тус улсад ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган иргэд болон шинээр зорчих хүсэлтэй иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх болон хууль бусаар БНСУ-д нэвтэрсэн хүмүүсийг дахин нэвтрүүлэх асуудлыг нааштай шийдэх талаар зөвшилцөж, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудалд анхаарч байна” гэж мэдэгдсэн байна.