МАН-ын залуу гишүүд Шинэчлэлийн хороо байгуулан, намынхаа удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, намын бага хурлыг долдугаар сард хуралдуулж, их хурал товлох, нам шинэчлэх асуудлыг гишүүд, дэмжигчдийн өргөн оролцоотойгоор хэлэлцүүлэх гэсэн гурван шаардлага тавьсан. Тус намын Удирдах зөвлөл Бага хурлыг долдугаар сард багтаан хуралдуулах асуудлыг хүлээж авсан ч хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Долдугаар сарын дунд арав хоног дуусаж байхад МАН бага хурлын товоо зарласангүй. Удирдах зөвлөл бага хурлын өдрийг товлолгүй, намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэг хэмээн орхисон юм. МАН-ын дарга Ө.Энхтүвшин ч хурал товлолгүй өнөөдрийг хүрэв. Үүний зэрэгцээ тус намын удирдлагуудын нэлээд хэсэг нь амарчээ. Бага хурлын гишүүдийн олонх нь бас амарсан, эзгүй байх магадлал өндөр байгаа тул Удирдах зөвлөлөөс намын байгууллагууддаа хандан, долдугаар сарын эцсээр бага хурал хийвэл ирц хүрэх эсэхийг тандах, хурлыг хэдийд хийх талаар саналаа ирүүлэх үүрэг өгчээ. Энэ жил олон аймаг байгуулагдсаны ой тохиож, зүүн, баруун бүсэд хурдан морины томоохон уралдаан болно. Тиймээс хурлын ирц бүрдэхгүй байх магадлалтай. МАН-ын бага хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй хувь нь оролцсон тохиолдолд ирц бүрдсэнд тооцох дүрэм тус намд үйлчилдэг. Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэлэлцэн, намын их хурал зарлан хуралдуулах эсэхийг шийдэж, их хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг батална. Ийм чухал асуудал хэлэлцэх тул намын бага хуралд гишүүдийг өргөн хамруулахыг Удирдах зөвлөл нь чухалчилж байгаа аж.
Х.ЭРХЭМ