Засгийн газар энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно хэмээн төлөвлөж буй. Одоогоор Улаанбаатар- Баянхонгор чиглэлийн замын ажил дуусаж, бусад аймгийг нийслэлтэй холбох ажил хийгдэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн авто замын ажлын явцтай танилцаад иржээ. Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх 288 км замын ажлыг зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчинтайгаар гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 33 хувьтай байгаа гэнэ. Энэ зуны хур бороо барилгын ажилд хүндрэл учруулж буй ч гүйцэтгэгч компаниуд ажиллах хүчээ гурван ээлжээр зохион байгуулжээ. Дээрх чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэж буй компаниудтай ажлаа чанаргүй, хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол ирэх жил дахин ажил олгохгүй гэсэн гэрээ байгуулсан байна. Энэ ажилд зарцуулах хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд замыг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болгосон байна.
Д.ИДЭР