Зурагт үзэх нь нүдэнд муу гэдэг ч энэ зуршил нь хүний насыг богиносгодог гэдгийг анх удаа сонслоо. Австралийн Күийнсландийн их сургуулийн судлаачид нэг цаг зурагт үзэхэд хүний нас 22 минутаар богиносдог болохыг тогтоожээ. Тэгэхээр та өдөрт зургаан цаг зурагт үздэг бол амьдрах хугацаа тань таван жилээр богиносно гэсэн үг. Судлаачид “Зурагт их үзэх нь тамхи татах, илүүдэл жинтэй байхтай адилхан аюултай” гэсэн байна. Мөн тэд нийт хүмүүсийн нэг хувь нь өдөрт зургаан цаг зурагт үздэг бөгөөд үздэггүй хүмүүсээс 4.8 жилээр богино насалдаг гэдгийг тогтоожээ. Зурагт идэвхтэй үздэг хүмүүсийн олонх нь хөдөлгөөний дутагдалтай байдаг. Удаан хугацаагаар үзэх тусам төдийчинээ их хоол иднэ. Мөн эрчимтэй хөдөлгөөн багасах тул энэ нь таргалалт, чихрийн шижин, архаг болон зүрхний өвчин, хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж АНУ-ын Иелийн их сургуулийн захирал, судлаач доктор Дэвид Л.Кэз хэлжээ.