Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хэрэгжүүлж буй “Нарны жим” олон ангит уран сайхны кино хийх төслийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга, хурандаа Т.Дуламдорж, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нар оролцлоо.
Энэхүү кино нь Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилтын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомж, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх томоохон зорилгыг агуулснаараа онцлогтой аж. Шадар сайд “Төслийг амжилттай хэрэгжүүлж, хийж бүтээх хүсэл, тэмүүлэл, олон хүний хүч хөдөлмөр шингээн чамгүй зардал гарган бүтээж буй энэхүү кино гамшиг осолгүй Монгол Улсыг бий болгоход Монголын ард түмний оюуны хөрсөнд үнэ цэнэтэй сайн үрийг тарьсан сайхан бүтээл болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэлээ.
Мөн тэрбээр кино бүтээхэд зориулж сарын цалингаа хандивлахаа мэдэгдсэн юм.