Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцож, 2014 онд шүүхийн төсвийн зарлагын хязгаарыг нийт 325.4 тэрбум төгрөгөөр нэгтгүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн аж. Гэтэл Засгийн газрын 2013 оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх төсвийн саналыг 8.4 дахин бууруулан баталж, батлагдсан төсвийн хязгаарт багтаан, 2014 оны төсвийн төслийг бэлтгэн ирүүлэхийг Сангийн сайдын 2013 оны долдугаар сарын 4-ний 4-1/3878 тоот албан бичгээр тус зөвлөлд мэдэгджээ. Засгийн газрын хуралдааны энэ шийдвэр нь шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг ноцтой зөрчсөн явдал болсон гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлийнхөн үзэж, Ерөнхий сайд Н. Алтанхуягт хандаж, дахин албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Засгийн газрын хуралдааны шийдвэр болон Сангийн сайдын албан тоот нь шүүхийн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан, хараат бус байх байх шаардлагыг хангаагүйгээс гадна шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг ноцтой хөндсөн явдал боллоо. Тиймээс шүүхийн 2014 оны хөрөнгө оруулалтын болон урсгал төсвийн төслийг Шүүхийн захиргааны тухай хуулийн зургадугаар зүйлд заасан “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн УИХ-д өргөн мэдүүлэх” гэж заасны дагуу 2014 оны нэгдсэн төсөвт нэгтгүүлэхээр Засгийн газарт хүргүүллээ” гэжээ.
Г. РА В Ж А А