УИХ-ын гишүүд утсаа салгаад тун олдох дургүй байна. Төрийн ордон эл хуль оргиж, хаа сайгүй түгжээтэй хаалга эзнээ хүлээн дүнсийж буй энэ өдрүүдэд эрхэм гишүүдийг хаагуур, юу хийж амарч байгааг тандлаа. Нэг хэсэг нь аймаг, сумдын ойн урилгад дарагдаад тун завгүй яваа бол зарим нь тойргоороо “гороолж”, ажил, амралтаа хослуулж буй гэх. Гишүүд хаагуур, юу хийж амарч байгаа талаар тандлаа.

Морь уяад завгүй явна
Төв аймгийн 90 жилийн ой болох гээд УИХ-ын гишүүн Су.Батболд амсхийх завгүй яваа сурагтай. Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэдэг тул зохион байгуулах багт мөн оржээ. Бас болоогүй, хэд хэдэн морьдоо наадамд сойхоор зэхээд байгаа аж. Ирэх сарын 10- наар амралт нь дуусгавар болж байгаа тул ойгоо өнгөрөөгөөд хэд хоног амарч байгаад ажилдаа орно гэнэ лээ.
Б.Бат-Эрдэнэ нутгийнхаа ойд очно
УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Ерөнхийл өгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөнөөсөө хойш ерөнхийдөө амарч буй болотой. Чуулган завсарласнаас хойш тэрбээр хөдөөгүүр голдуу амарч байгаа бөгөөд саяхан аавынхаа нутаг, Архангай аймагт хэд хоножээ. Тэрбээр өнөөдөр төрөлх Хэнтий нутгийнхаа 90 жилийн ойн баярын хуралд оролцох гэнэ.
Б.Болор тойрогтоо ажиллаж байна
Архангай аймгаас сонгогдсон тэрбээр тойрогтоо ажиллаж, орон нутгийн иргэдэд УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулга хийж яваа гэнэ. Маргааш тус аймгийн 90 жилийн ой болно. Тэрбээр гурван өдөр үргэлжлэх ойн арга хэмжээний хүндэт зочин болох бөгөөд наадам дууссаны дараа төрсөн нутаг Архангайдаа амарч ирэх сарын 15-нд Улаанбаатарт ирэхээр төлөвлөжээ.
Г.Уянга амраагүй
Эрхэм гишүүн хараахан амарч амжаагүй бөгөөд УИХ-ын Тамгын газраас олгох ээлжийн амралтын чөлөө нь ирэх сарын 1-ээс эхлэх юм байна. Тэрбээр “Ажилласан жил бага учраас миний ээлжийн амралтын хоног бусад гишүүнийхээс харьцангуй цөөн байгаа. Амралт эхлээгүй учраас түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, судалгааны ажлаа хийж байна. Ирэх намар түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр дорвитой өөрчлөлт хийх бодолтой байгаа. Энэ талаар Засгийн газартай хамтран ажиллахаар Ерөнхий сайдтай ярилцсан” гэв.