ИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж 2013 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 22 асуудал хэлэлцэж, хууль тогтоолын төсөл тав, хяналт шалгалтын ажил хоёр, тайлан мэдээлэл есийг хэлэлцүүлсэн байна. Энэ хугацаанд БОХХАА-н байнгын хорооны даргаар ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагаануур, Шаамар суманд ажиллаж, газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хүнсний захууд, мал нядалгааны газрууд, мах боловсруулах үйлдвэр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ үеэр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байна. Шалгалтаар орон нутагт үйлдвэрийн дотоодын лабораторид шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, урвалж, тестийн хангалт, техник тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, хүнсний үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээ хийх мэргэжлийн байгууллага байхгүй байгааг тогтоосон байна. Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид антибиотикийн үлдэгдэл тодорхойлох, хор судлалын шинжилгээ болон хүнд металлын шинжилгээ хийх багаж тоног төхөөрөмж байх ёстой төдийгүй эм урвалж хадгалах зориулалтын байртай байх шаардлагатай гэж үзжээ. Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо мазаалай хамгаалах асуудал, Газрын тухай хуулийн төслийн талаар газрын бодлого, түүний удирдлагын тогтолцоо, газар эзэмшүүлэх, ашиглах, хамгаалах эрх зүйн зохицуулалтын онцлог, газрын улсын бүртгэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох яам, агентлаг, салбарын төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачдын санал бодлыг сонссон аж. Түүнчлэн Газрын тухай хууль болон Засгийн газраас өргөн барьсан Газрыг албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Газрыг албадан чөлөөлөх тухай хууль нь иргэдийн дунд нэрнээсээ эхлэн хүний эрх зөрчсөн гэх шүүмжлэл дагуулж, Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татахад хүрсэн. Гэвч нийслэлийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөх ажлыг хийх нь зөв. Гэхдээ тухайн хорооны иргэдийн 70-аас дээш хувь нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд газар чөлөөлөх ажиллагаа явуулж болно гэх зэрэг зохицуулалтыг хийх боломжтой учраас 2013 оны намрын чуулганаар дээрх хуулийн төслийг дахин хэлэлцэх байх хэмээн тус байнгын хорооны төлөөлөл хэллээ.