БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар УИХ-д суудалтай намын төлөөлөгчид тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Пхеньяныг зорилоо. Энэ сарын 27-нд хоёр Солонгосын дайн дуусаж, эвийн гэрээнд гарын үсэг зурсны 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй аж. Тус улсыг зорьж буй МАН-ын гишүүдийг тус намын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар бүрэлдэхүүнд нь багтжээ. Харин МҮАН-аас УИХ-ын гишүүн Г.Уянга, тус намын дэд дарга Б.Цогтгэрэл нар явсан байна. МАН-ын төлөөлөгчид айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагатай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар санал солилцож, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн мэндчилгээг дамжуулах гэнэ. Төлөөлөгчид энэ сарын 29-нд эх орондоо ирнэ.