Төрийн ордонд өчигдөр 10.00 цагийн үед очиход үүдэнд сууж байсан харуул “Сэтгүүлч үү, өнөөдөр ордонд ямар ч үйл явдал байхгүй ээ” гэсээр угтав. Нээрээ л ордонд нам гүм байна. Байнга л уулзалт, хурал чуулган, хэвлэлийн бага хурал болж байдаг Төрийн ордон амарчээ. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгтэй уулзахаар очтол хүн хүлээж аваад тун завгүй байв. Түүнээс дарга, сайд нарыг эзгүй үед төрийн ажил хэрхэн явж буй талаар цөөн асуултад хариу авсан юм.
-Ордны ихэнх өрөө цоожтой, эл хуль байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан ажиллаж байгаа юм уу. Хэдэн хүн амраад байгаа вэ?
-Манайх ажиллаж байна. Засгийн ажил хэвийн үргэлжилж байгаа. Ерөнхий сайд орон нутагт ажлаар явж, Хэрэг эрхлэх газрын дарга амарсан байгаа. Манай нэгж үүд ажиллаж байгааг чи харж байгаа биз дээ. Гэхдээ бид бололцоогоороо зарим хүнээ амраасан. Оронд нь ажлыг нь хариуцаж үлдсэн хүн байгаа. Энд Шадар сайд бид хоёр үндсэндээ ахлаад арын ажлаа хариуцаж үлдсэн.
-Байнга завгүй байдаг Ордон нам гүм болчихоор төрийн ажил хүртэл амарчихсан юм шиг хүмүүст санагдаж болох юм?
-Долоо хоног бүрийн даваа гаригт Бүтээн байгуулалтын нээлттэй цагаар яамд өнгөрсөн долоо хоногт ямар ажил хийснээ тайлагнаж, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хэр урагштай явааг мэдээлж байгаа. Дараагийн даваа гаригт дахиад хийнэ. Өчигдөр ГовьАлтай, Хөвсгөл, Дорноговь аймгийн удирдлагуудтай хурал хийлээ. Одоо цахим хурал хийх 2-3 аймаг бий. Наадмын маргааш намар гэдэг учраас намрын тариа, ногоо хураалтын ажил, өвөлжилтийн бэлтгэл гэхчилэн олон ажил байна. Гэхдээ улс орны хэмжээнд хоёр гурван чухал асуудал байгаа шүү дээ. Жишээ нь, Баян-Өлгий аймагт малын шүлхий гарч, өвчин авсан 1000 гаруй малыг устгаад, бусад бүх малыг вакцинжуулсан. Зардал мөнгийг нь гаргаж өгсөн. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байгалийн аюулт үзэгдэл болж, олон байшингийн дээвэр нурж, олон хүн орон гэргүй болоод байсан. Учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох зардалд зориулан Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэсний дагуу 2.5 тэрбум төгрөг олгоод байна.