Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд “Чингис” бонд гаргаж, 1.5 тэрбум ам.долларын зээл авч бүтээн байгуулалтад зарцуулж буй. Засаг бондын эх үүсвэрээр Тавантолгойн цахилгаан станц, “Гудамж” төсөл, “Монгол ноосон даавуу” төсөл, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төсөл, “Сүү, сүүн үйлдвэрлэл” төсөл, “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн бол энэ оны хагас жилийн байдлаар зарим төслүүд хэрэгжиж эхлээгүй байна. Шалтгааныг нь сонирхвол зураг төсөл, тооцоо судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ нь бэлэн болоогүй гэх. Их хааны нэртэй бондыг эдийн засагчид “Засгийн газар бонд гаргах цаг хугацаа, бондын өрийн дарамтыг буруу тооцоолсон” хэмээн хатуу шүүмжилж байсан бол шийдвэр гаргагчид бондыг үр ашигтай зарцуулахын тулд Ерөнхий сайдаар ахлуулж, хэд хэдэн салбарын сайд, ҮАБЗ-ийн гишүүд багтсан “Бондын бодлогын зөвлөл” байгуулсан гэж байв. Гэвч төсөл хөтөлбөрүүд царцаж, бондын мөнгө үнэгүйдэж буйгаас харвал бондын зарцуулалтын эрх мэдлийг УИХ-ын бүрэн эрхээс тусгаарлаж, Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгуулагдсан эл зөвлөл өнгөрсөн хагас жилийн хугацаанд тоймтой ажил хийгээгүй болж таарлаа.