УИХ-ын гишүүн асан Д.Энхбат саяхны нэг өдөр телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлээд өөрийгөө улстөрч биш болсон хэмээн тодорхойлж байх юм. Сураг алдарсан хүний тоонд багтах шахсан тэрбээр "Нэг Монгол" төслийг удирдаж, Монгол дахь цахим ертөнцийн томоохон төлөөлөгч болсон аж. Тиймдээ ч "Интернэт эхэндээ мэдээллийн орчин байсан. Одоо мэдлэгийн орчин болж байгаа. Монголын төрд PR-чингууд биш, харин хар ажил хийгчид хэрэгтэй цаг. Бас боддог, тооцоолдог хүмүүс. Цаг солигдож байна.” хэмээн тэр ярьж байна. Нэгэн үе телевизээр “Нээлттэй форум” нэвтрүүлэг хөтөлж, мөн Монголын ногоон намыг толгойлж, бас “Датаком”-ын хэмээн овоглуулж, дөрвөн жилд УИХ- ын гишүүн явсан тэрбээр улс төрөөс хол явъя гэж бүрэн шийдсэн бололтой.