МАНын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын Бага хурлыг ирэх наймдугаар сарын 5 нд хийх шийдвэр гаргажээ. Энэ удаагийн Бага хурал шат шатны сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээх ёстой хэмээн шаардсан МАНын гишүүдийн санаачилгаар болж байгаа нь олны анхаарлыг татаж буй. Тус намын Бага хурал нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 310 гишүүнтэй бөгөөд тэдний 185 нь хуралд оролцсон тохиолдолд ирц бүрдсэн гэж үзэх аж. Бага хурлын уур амьсгал халуун өрнөнө. Учир нь Бага хурлын гишүүд УИХ болон орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээхэд хүргэсэн шалтгаан, алдаа, оноог шүүн хэлэлцэж, намын үзэл баримтлалыг шинэчлэх тул МАНын удирдлага Бага хурлын товыг тодруулах гэж яараагүй юм. Харин өчигдөр тус намын Удирдах зөвлөл 24 хүнтэйгээр хуралдаж гишүүдийн шаардлагаар Бага хурлыг хуралдуулах товыг тодорхой болгов.