Наадмын өмнө яригдсан ч сураг тасарсан МАН-ын Бага хурал ирэх сарын 5–нд болох мэдээ түгж эхэллээ. Тус намын шинэчлэлийн асуудлаар МАН-ын “Ардын жигүүр” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Батзоригтой уулзаж ярилцлаа.
-МАН-ын залуу гишүүд намын Бага хурлаа зарлан хуралдуулах шаардлага тавиад сар орчим болж байна. Ажиглаад байхад залуус шинэчлэлийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаад байна уу?
-Манай намын гишүүд намын Бага хурлыг хуралдуулах, шат шатны сонгуульд ялагдал хүлээсэн намын удирдлагуудыг өөрчлөх тухай асуудлыг зүгээр нэг хөндөөгүй. Намын шинэчлэлийг дан ганц залуучууд сэтгэлийн хөөрлөөр хийх гэж зүтгэж байгаа ч юм биш. Өнгөрсөн хугацаанд “Ардын жигүүр” хөдөлгөөнийхөн нийгмийн бүх түвшинд ажилладаг иргэд, судлаач, эрдэмтэд, нийгмийн зүтгэлтэн, улстөрчидтэй уулзаж санал, зөвлөгөө, шүүмжлэлийг нь сонслоо. Бидний уулзсан, санал, шүүмжлэл хэлсэн хүн болгон МАН шинэчлэгдэхийн тулд нийгмийнхээ алхааг гүйцэж, иргэдтэйгээ мөр зэрэгцэх хэрэгтэй гэж байна. Тийм учраас МАН-ын шинэчлэл дан ганц гишүүдийн биш нийт монголчуудын оролцоо шахалтаар хийгдэж байгаа гэсэн үг. Мэдээж хэрэг цаг хугацаа шаардагдах ч үүнийг хийж байж нам улс төрийн чадварлаг хүчин болж сэргэнэ.
-Олон жил төр барьсан МАН ингэтлээ сульдаж, олон сонгуульд удаа дараа ялагдах болсон гол шалтгаан нь юу вэ?
-МАН-д нам дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн төлөөлөгчид шургалаад удаж байна. Ийм бүлэглэлийн гол төлөөлөгчид улст өрийн намуудын санхүүжилтийн сул талыг ашиглан намд хандив өгөн, гишүүн болж, албан тушаал худалдан авч, эрх мэдлээ хэрэгж үүлсээр ирсэн. Тэдний золиосонд МАН, АН ч өртөж байгаа. Манай нам цагтаа чадварлаг хүний нөөцтэй байсныг бүгд мэднэ. Тэр их оюун санааны нөөц баялаг болсон чадварлаг мэргэжилтнүүд, улстөрчид хаачсан юм бэ. Үнэн хэрэгтээ тэднийг өөрсдийнхөө явцуу эрх ашигт үйлчлүүлж чадахгүй болохоор нам дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд нь намын бодлого тодорхойлох түвшнээс зайлуулдаг болсон. Ийм хорлонтой тогтолцооноос болж МАН өөрийн гэсэн бодолгүй, дүр эсгэсэн, сүргийн сэтгэлгээтэй, хувийн сонирхолтой, дунд шатны дарганцаруудаар дүүрсэн нь үнэн шүү дээ.
-Намын даргыг солиод шинэчлэл хийчихлээ гэж бодож болох уу?
-Мэдээж хэрэг хэдэн дарга сольсноор нам шинэчлэгдэнэ гэж байхгүй. Зөвхөн сонгуульд ялах, эрх баригч улс төрийн нам болох, мөн өөх дарга бүтцээ бий болгохын тулд шинэчлэл хийх ёстой гэсэн нөхөд манайхны дунд мэр сэр бий. Гэвч үүнийг эрс шүүмжилдэг гиш үүд олширч байгаа нь том ололт.
-Намын удирдлага сайн дураараа ажлаа өгөх нь У.Хүрэлсүхийн жишээг давтсан зөв үйлдэл болно гэсэн мессеж яваад байгаа. Хэрэг дээрээ ийм үйлдэл болох уу?
-Ажил хийсэн хүн алдаа гаргадаг. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлс үх алдааныхаа хариуцлагыг үүрээд УИХ-ын гишүүнээс нэрээ татсанаараа Ардын намд мартагдсан хариуцлагын тогтолцоог сануулсан. Энэ бол улстөрчийн хувьд эрүүл, зөв шийдвэр. Гэхдээ энэ удаагийн намын шинэчлэлийг удирдлагын өөрчлөлтөөр харж болохгүй л дээ. Улс төрийн намуудын шинэ загвар, тогтолцоо өнөөдрийн нийгмийн хамгийн чухал асуудал болсон. Өөрчлөлтийг хэзээ, яаж хийх вэ гэдгээ сайн тооцох ёстой байх. Ардын намын тухайд юуны өмнө нам дамнасан улс төр, эдийн засгийн бүлэглэл, тэдний төл өөлөл болсон улстөрчдөөс салах ёстой. Тэдний хүсэл, шуналаа гүйцэлдүүлэх арга хэрэгсэл нь МАН, мянга мянган гишүүн нь байж болохгүй. Бид намын өөрчлөлтийг юунаас эхлүүлэх вэ гэсэн судалгааны ажлаа нэлээд нухацтай хийсэн.
Улс төрийн нам өөрөө нийгмийн нэг институц учраас нийгмийнхээ хандлагыг судалж дагах ёстой. Яахав, мэдээж хэрэг МАН-ыг устаасай, задраасай гэж хүсэж, хэрэгжүүлэх гэж оролддог сонирхолтой хүмүүс байгаа ч сонгуулиар Ардын Намд санал өгөөгүй ч гэлээ энэ намыг шинэчлэгдэж, тунгалагшиж, эрүүлжээсэй гэж хүлээж байгаа хэсэг тэднээс олон бий. Тийм учраас МАНын шинэчлэлийг олон нийт, иргэдийн оролцоотой хийе, тэдний санал бодлыг тусгая гэж байгаа. Энэ бол нам дамнасан улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдийн дураараа дургих явдлыг хазаарлаж, намыг эрүүлжүүлж, шинэчлэх явдал. Цагтаа энэ намыг удирдаж байсан ч, нийгэмд бий болсон энэ хүлээлтийг эцэслэж, оюун санааны өөрчлөлт хийх үүргээ биелүүлээгүй намын дарга нарыг энэ намын цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхыг манай жигүүрийнхэн уриалж байгаа. Тэд харин ч намын шинэчлэлийг нөхөрсг өөр дэмжиж, хариуцлагын тогтолцоог сэргээх санаачилгыг дэмжих ёстой.
-МАН-д нүүрлэсэн хямрал намын нэрийг өөрчилсөн явдалтай холбоотой гэж үзэх хүмүүс байдаг. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Намын уугуул нэрийг сэргээх нь зүй ёсны түүхэн үүрэг байсан. Харин нэрийн өөрчлөлтийг хэрхэн, яаж хийх вэ гэдэгт маш том алдаа гаргасан гэж намын тулхтай ахмад гиш үүд, түүхчид хэлдэг. Хувьсгалт гэдэг тодотголыг намын нэрд оруулах болсон түүхэн нөхцөл байдал, учир шалтгааныг эхлээд олон нийтэд тайлбарлаж, өөрчлөлтийг аажмаар хийх байсан л даа. Гэвч явцуу эрх ашигт нийцүүлэн гэнэт өөрчилсөн нь алдаа болсон гэсэн дүгнэлтийг дэмжигч, гишүүд хийдэг.
-Нийгэмд улстөржих, нам намаар талцах явдал газар авч байгаа. Намын гишүүн байсныхаа төлөө ажлаас халагдах, албан тушаалаар шагнуулах тохиолдлыг тоочвол барахгүй. Шинэчлэл яригчид энэ талаар ямар байр суурь баримталж байна?
-Улстөржих, улс төрийн үзэл бодлоор ялгаварлах хандлага элбэгшээд байгааг бүх хүн харж байгаа. Нийгмийн оюун санааны энэ доройтлоос болж улс төр, шашин, соёл, эдийн засгийн задрал явагдаж эхэлсэн гэдгийг судлаачид, эрдэмтэд анхааруулж эхэлсэн. Нөгөө талаар төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байгаа инженер, эмч, багш, хуульчид ч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ явдал даамжирвал улс үндэстний хувьд задрах аюул нүүрлэнэ гэсэн үг. Тийм учраас Ардын Нам шинэтгэл хийхдээ ардчилсан зарчимд түшиглэж, шинэчлэлийн явцад иргэний оролцоог нэмэгдүүлэх учиртай. Ингэснээр улстөржсөн нийгмийг эрүүлжүүлэх чадамжтай болно.
Д.ЦАЦРАЛ