Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сан (ХАС)-гаас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Китахара Наомийг үүрэгт ажилдаа орж байгаатай нь холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр К.Наоми өөрийг нь Монгол Улсад тохоон томилсон НҮБ-ын ХАС-гийн Гүйцэтгэх захирлын итгэмжлэх захидлыг Гадаад харилцааны сайд Л.Болдод гардууллаа.
Монгол Улс НҮБ-ын ХАС-тай 1978 оноос хамтран ажиллаж ирсэн бөгөөд Гадаад харилцааны сайд, суурин төлөөлөгч нар Монгол Улс, НҮБын ХАС-гийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Сайд Л.Болд суурин төлөөлөгч К.Наомид ажлын амжилт хүсэж, Монголын төр, Засгийн газрын байгууллагууд түүнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгийг тэмдэглэсэн юм.