Улс орны эдийн засаг хүндэрсэн нь шинэчлэлийн Засгийн газар тааруу ажилласнаас болсон, эсвэл өмнөх Засгийн газрын хийсэн ажлын үлдээсэн өвийн үр дүн одоо гарч байна гэх мэтээр УИХ дахь АН, МАН-ын бүлгийнхэн биенээ буруутгах гэж оролдож байгаа. Энэ асуудлаар Бүлгийн дарга нарын байр суурийг сонирхлоо.
Н.Энхболд: Сүүлийн нэг жилд явуулсан бодлогоос болж ийм байдал үүслээ
-УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан хуралдуулах хэрэгтэй гэж танай Бүлгээс шаардсан. Гэвч ирэх сарын 2-6-нд гэж нэг ярьж байснаа одоо 16-нд хийхээр хойшлуулчихлаа. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Бид эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг танилцуулаад ээлжит бус чуулган хийе гэсэн. Гэвч энэ талаар албан ёсоор захирамж гараагүй, яг ямар асуудал хэлэлцэх тухай мэдээлэл бидэнд алга. Манай Бүлгийн зүгээс бол эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал хөндөнө. Нөхцөл байдал хүндэрч буйг бид сүүлийн нэг жилд явуулсан бодлогоос үүдсэн гэж үзэж байгаа.
Өнгөрсөн оны УИХ-ын сонгууль хүртэл хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан. Гэтэл сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаа, сайд нарын мэдэгдэл хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэлээ. Энэ бүхнийг УИХ дээр л ярихгүй бол Засгийн газрын хэмжээнд хүчрэхгүй юм шиг байна. Төсвийн үзүүлэлтүүд ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөгүй.
Ямар ч байсан алдагдал, макро эдийн засгийн үзүүлэлт хуульд заасан хэмжээнээс өөр байгаа нь ойлгомжтой болсон. Эдийн засгийн суурь болох хөрөнгө оруулалт багасаад ирэхээр нөхцөл хүнд болж байна. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлага байгаа гэдгийг Засгийн газар эрх биш анхаарч, асуудал боловсруулж буй гэж найдаж байна.
-Эдийн засгийн таван гол үзүүлэлтээс гурав нь эерэг байгаа, жижиг зүйлийг томруулах гээд байна гэж Ерөнхий сайд тайлбарласан шүү дээ.
-Тухайн үед өөрийгөө хамгаалж хэлсэн байх. Гараад дэлгүүрт ороод үзвэл байдал өөр байна. Монголын хувь заяаг тодорхойлогч ганц байгууллага нь Засгийн газар биш. Засгийн газраас бусад бүх газар эдийн засаг хүндэрснийг хэлээд байхад ингэж худал ярьж болохгүй.
-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих ёстой гэсэн мэдээлэл гараад байгаа. Ямар байр суурьтай байна вэ?
-Утсаар ярьсан. Болж буй үйл явдлын талаар та бүхэн УИХ, Засгийн газарт мэдээлэл өгөөч гэсэн. Тэгж чадаагүй юм шиг байна лээ. ТУЗ-д сууж буй хүмүүсээс болоогүй байх, тэд асуудлаа эх орныхоо өмнөөс тавьж байсныг мэднэ. Гэтэл хажуугаас нь “Үүнийг УИХ, Засгийн газар мэднэ” гэх мэт яриа гараад бичиг цаас явуулаад эхэлсэн. Ингэж гэрээнээс зөрсөн мэдэгдэл хийгээд эхэлмэгц гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болгоомжлох нь мэдээж.
Ер нь гэрээнд сайжруулах зүйл бий, гэрээний заалтаа нарийн биелүүлэх шаардлага ч байгаа. Анхны хөрөнгө оруулалт яагаад нэмэгдсэнийг хянах ёстой байсан. Үүнийг ТУЗ-ийнхөн шаардсан юм билээ. Засгийн газрын сайд нар янз бүрийн мэдэгдэл хийгээд эхлэхээр хөрөнгө оруулагчийн итгэл алдрах нь мэдээж шүү дээ. Монгол бол хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин нь тогтворгүй улс юм гэсэн сэтгэгдэл тэдэнд төрсөн байх.
Д.Эрдэнэ бат: Эдийн засаг зогсонги байдалд орсон нь өмнөх нөхцөлөөс болсон.jpg)
-УИХ-ын ээлжит бус чуулганаар яг ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бол?
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Хөрөнг оруулалтын болон “урт нэртэй” гэх мэт хэдэн хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Гол нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал ярина. Оюутолгой, Тавантолгойн асуудлыг бол Засгийн газар шийдээд, гэрээнийхээ дагуу явж байгаа. УИХ-ын дарга ирэх сарын 16 гэхэд ээлжит бус чуулган хийхээр төлөвлөж буй юм билээ. Тэр болтол Хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш сайн боловсруулж оруулж ирэх үүргийг УИХ-ын дарга ч, Ерөнхийлөгч ч Засгийн газарт өгсөн.
Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх ёстой. Гэхдээ хот, хөдөөгөөр нь ялгах учиртай. Ялангуяа орон нутагт оруулах хөрөнгийг сайн нягтлах нь чухал. Хөрөнгө оруулалтын орчноо олон өөрчлөх нь буруу гэдгийг бид ухаарч авлаа. Гэхдээ энэ нөхцөл байдал зөвхөн өнөөдөр үүссэн юм биш. арав гаруй жилийн өмнөөс эхтэй асуудал. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 16-нд хийж, эдийн засгийн асуудлаа ярих ёстой гэдэгтэй АН-ын бүлэг санал нийлж байгаа.
-Манай эдийн засаг яг ямар байдалтай байна вэ. Хямралын хэмжээнд хүрсэн гэж нэг хэсэг нь үзээд байна?
-Эрсдэлтэй байгаа. Гэхдээ эдийн засгийг улс төрийн өнцгөөс биш, тоон үзүүлэлт талаас харах ёстой. Эдийн засаг өссөн, инфляц буурсан. Ажилгүйдэл буурч, ажлын байр нэмэгдсэн, дотоодын зах зээл өмнө байгаагүйгээр эрчимтэй ажиллаж байгаа. Гэхдээ хоёр том эрсдэл учирсныг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа.
Нэгдүгээрт, экспорт тасарсан, үүнээс болоод бид өмнөх өрөө төлөх болсон. Биет хэмжээгээр экспорт үргэлжилж байгаа ч орлого алга.
Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нэг хэсэг нь Оюутолгойгоос хамаарч байгаа нь үнэн. Эдийн засаг сайн байхад уг ордод долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эрчимтэй урагшилсан. Өнөөдөр эдийн засаг зогсонги байдалд орсон нь өмнөх нөхцөлөөс үүдэлтэй, өнөөдөр болсон хэрэг биш. Одоо эдийн засгийг улстөржүүлж хөөргөх биш, ажлаа жижиг зүйлээс эхлээд үргэлжлүүлэх нь чухал байна.
Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Эдийн засгийн асуудалд улстөржүүлж хандаж болохгүй.
С.ТУУЛ