Нэг ийм ойлголт манай эрхэм түшээдэд байна. Хаврын чуулган завсарласан цагаас буюу наадмаас хойш л амарсан атлаа Төрийн ордноо “санах” хүн тэдний дотор ховорхон хэвээр. Холын “аялалаа” дуусгасан ч ажилдаа орох гэж тэд яарсангүй. Төрийн ордон эзгүйрч, ханхайсаар есдүгээр сартай золгож байна. “УИХ-ын гишүүдэд амрах цаг байдаггүй, үнэндээ хаврын чуулган завсарласны дараа л хэдхэн хоног амардаг юм шүү дээ тэд чинь” хэмээн өмнөх Парламентын үеийн Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга ярьж байж билээ.
Гэхдээ түшээдийн амралт үнэндээ ихэдсэн үү гэхээс багадаагүй. УИХ хууль тогтоох байгууллага. Бас баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж, чуулганы завсарла гаар орон нутаг, дүүргүүдээр ажиллаж, иргэдэд түүнийхээ ач холбогдлыг танилцуулан алдаа, оноогоо шүүлгэх ёстой.
Иргэдийн санал бодлыг сонсож, амьдралд “хутгалдах” нь тэдний үүрэг. Чуулган завсарласны дараа хөдөөнөөс голдуу сонгогдсон гишүүд нь хэдэн өдөр тойрогтоо ажилладаг аа. Тэгсгээд л үлдсэн өдрүүд амрахад нь зориулагддаг. Амрах ихдэж, ажиллах хугацаа нь багасах жишгийг үнэндээ тэд ард түмэнд үлгэрлээд байгаа юм биш үү. УИХ дахь бүлгүүд гишүүдээ сэмхэн сураглаад “60-70 хувь нь нийслэлд бэлэн байдалд байгаа” л гээд байдаг. Чуулгангүй үед хуулийн төсөл боловсруулах, судалж бэлтгэх Ажлын хэсгүүд нь хуралдаж байх ёстой. Гэвч өнөөх “ажлын сар” эхэлтэл тэгж хэнхэглэх хүн ховор байна. Төрийн ордонд МАН-ынхнаас Д.Лүндээжанцан гишүүн ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлтэйгээ танилцаж суугаа сурагтай байсан.
Гишүүд амарч зугаалж яваад хэлэлцэх асуудалтайгаа танилцаагүй, мэдээгүй байх нь элбэг. Бүр батлах дээрээ тулж байгаа төслөө ч мэддэггүй хүмүүс байдаг. Тэгж хөгөө хөлдөө чирч байхын оронд бүх гишүүн энэ сул цагаа ашиглаад хууль, тогтоолын төслөө уншиж судлаад байвал УИХаас илүү амьдралтай хууль гарах биз. Гарсан хууль бүрээ маргааш нь засаад, эсвэл Үндсэн хуулийн цэц дээр очоод бүдэрдэг нь багасна. Гэхдээ УИХ-ын дарга эрх биш ажлаа хийж байна. Мөн цөөн тооны гишүүн ажилдаа оржээ. МАН-ын Н.Энхболд, С.Бямбацогт болон АНын зарим гишүүн Төрийн ордонд ха рагдаж байна лээ.
Чуулгангүй л бол амралт гээд олонх гишүүн нь ойлгочихсон, Төрийн ордон эзг үйрдэг үеэр АНУ, Япон, Кыргыз зэрэг улсын Парламентын гишүүд айлчлаад амжив. Албан ёсны уулзалт товлохоор Бүлгийн болон Байнгын хорооны дарга нар, хоёр орны Парламентын бүлгийн дарга, ахлагч зэрэг албатай хүн түр цугласан. Овоо хэдэн гишүүн харагдаад байсан болохоор гаднын төлөөлөгчид манай түшээдийн назгай байдлыг анзаараагүй болов уу. УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 16-нд хийхээр төлөвлөж байгаа. Амралтын цаг чинь дууслаа, одоо ажилдаа орцгоо гишүүд ээ.
С.ТУУЛ