Грекийг 2001 онд Евро бүсэд элсүүлэх зөвшөөрөл олгох ёсгүй байсан гэдэгт Германы Засгийн газрын тэргүүн итгэлтэй байна. Канцлер А.Меркелийн хэлснээр, түүний өмнөх Ерөнхий сайд Герхард Шрёдер Грект ийм алхам хийх боломж олгон, Тогтвортой байдлын тухай пактыг сулруулсан аж. Тэгснээрээ тулгуур алдаа гарган, өнөөгийн ярвигтай асуудлын нэг үрийг тарьсан хэмээн Рендсбург хотод сонгогчидтой хийсэн уулзалт дээр мэдэгджээ.
Өрсөлдөгч Социал демократ намыг төлөөлж асан хуучин Канцлерыг Евро бүсийн эдийн засгийн бэрхшээлд буруутгаснаараа А.Меркель тэрхүү намынхны шүүмжлэлд хариу барив. Хямралын үр дагаврыг гэтлэн давах асуудлаар явуулж буй одоогийн Засгийн газрын бодлогод социал демократууд шүүмжлэлтэй хандаж буй аж. “Грекийг Евро бүсэд өөрсдөө хүлээн авсан хүмүүс Грекээс болж баларч байна хэмээн өдгөө бидэнд заах шаардлагагүй” гэж А.Меркель тэмдэглэснийг “The Local” уламжилжээ. Канцлерын дээрх байр суурийг жирийн сонгогчид ч хуваалцаж буйг социологийн судалгааны дүн харуулж байна.
А.Меркелийн тэргүүлдэг Христосын ардчилагчдын эвслийг Германы иргэдийн 41 хувь, тэдний холбоотон Чөлөөт ардчилагчдын намыг таван хувь нь дэмжиж буйгаа илэрхийлжээ. Социал демократ нам хүн амын 22 хувь, түүний холбоотон Ногоон нам 11 хувийн дэмжлэг хүлээж байгаа юм байна. Гэхдээ сонгуулийн дүн яаж ч гарлаа гэсэн Евро бүсийн талаарх ХБНГУ-ын бодлогод томоохон өөрчлөлт орохгүй хэмээн Лондон дахь “Berenberg” банкны ахлах эдийн засагч Хольгер Шмидинг өгүүлжээ. Германд Парламентын сонгууль есдүгээр сарын 22-нд болно.
Х.ЭНХ